Уншиж байна ...

Донецк орчимд Умард Солонгосын зургаан офицер агаарын цохилтын үеэр алагдсаныг Украины тагнуулын алба мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 3-ны өдөр Оросын хяналтад оршдог Донецк хотын орчимд Украины арми пуужингаар довтлох үеэр Умард Солонгосын армийн зургаан офицер алагдсан тухай Киев Пост сонин өчигдөр тагнуулын эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Энэ цохилтын үеэр нийтдээ 20 гаруй цэргийн алба хаагч алагдаж, Умард Солонгосын өөр гурван алба хаагч шархадсан гэнэ.

Оросын эх сурвалжууд энэ мэдээллийг бас баталсан байна.

Украины агаарын цохилтоос өмнө Умард Солонгосын төлөөлөгчид Оросын цэргийн бэлтгэл сургуулилалтын үйл ажиллагаатай танилцахаар Донецк хотод ирсэн тухай Оросын сошиал хуудаснууд мэдээлж байжээ.

Өнгөрсөн онд Умард Солонгосын хязгаарлагдмал тооны офицер Оросын армийн туршлагыг судлахаар эзлэгдсэн нутаг дэвсгэрт нь ирсэн тухай Украины Тагнуулын Ерөнхий Газар мэдээлж байсан юм.

Бас Оросын эрх баригчид Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн сэргээн босголтод Умард Солонгосын ажилчдыг ашиглахаар төлөвлөж байгааг Үндэсний Эсэргүүцлийн Төв (The Center for National Resistance) 2023 оны есдүгээр сард нийтлэгдсэн тайландаа дурдаж байжээ.

Энэ оны зургаадугаар сард Ким Жон Унтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эзлэгдсэн Донецк, Луганск мужуудад Умард Солонгосын дипломат төлөөлөгчийн газрыг нээх санал тавьсан гэх мэдээлэл бий.

 

Эх сурвалж: Kyiv Post