Уншиж байна ...

Өмнөд Солонгосын иргэдийн нас баралтын тав дахь том шалтгаан амиа хорлолт болсон байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Өмнөд Солонгосын статистикийн төв байгууллага тус улсын хүн амын 2023 оны нас баралтын талаар тоо баримтыг зарлажээ.

Өнгөрсөн онд тус улсад нийт 352,511 хүн нас барсан нь өмнөх оноосоо 5.5 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

Тухайлбал 2023 онд 100,000 хүн тутамд 689.2 нас баралт оногдож, өмнөх жилээсээ 38.3 нас баралтаар буурчээ.

Шалтгаанаар нь эрэмбэлэхэд 24.2 хувь буюу хамгийн олон хүн хорт хавдрын улмаас нас барсан байна.

Дараа нь 9.4 хувьтай зүрх судасны өвчлөл, 8.3 хувьтай уушгины хатгалгаа нас баралтын гол шалтгаанууд байжээ.

Дээрх гурван шалтгаан нийт нас баралтын 40 гаруй хувийг бүрдүүлсэн байна.

Харин 4 хувийг эзэлсэн амиа хорлолт нас баралтын тав дахь гол шалтгаан болжээ.

2023 онд Өмнөд Солонгост Нийт 13,978 хүн амиа хорлосон нь өмнөх оноос 8.3 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Насны ангиллаар нь авч үзвэл 10-39 насны хүн амын бүлгийн нас баралтын хамгийн том шалтгаан, 40-60 насны хүн амын бүлгийн хоёр дахь том шалтгаан амиа хорлолт байжээ.

Өмнөд Солонгос улс нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) гишүүн орнуудыг амиа хорлолтоор тэргүүлдэг.

Тухайлбал 2020 оны байдлаар тус улсад 100,000 хүн тутамд 24.1 амиа хорлолт оногдож, Литва (18.5), Словени (15.7) улсууд удаалж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News