Уншиж байна ...

Хөгжил цэцэглэлт, ирээдүйн төлөөх Япон улсын тууштай хамтын ажиллагаа: Хөгжлийн албан ёсны тусламжийг хэрэгжүүлж эхэлсний 70 жилийн ойд

ikon.mn
2024 оны 10 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Япон улс 1954 онд Хөгжлийн албан ёсны тусламж (ODA-ХАЁТ)-ийг хэрэгжүүлж эхэлсний 70 жилийн ой 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдөр тохиож буй. Япон улс өнгөрсөн 70 жилд дэлхийн томоохон түншлэгч улсын хувиар 190 гаруй улс, бүс нутагт нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны хөтөлбөрөө өргөжүүлэхийн сацуу дэлхийн хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.

Японы олон улсын хамтын ажиллагаа нь Азийн зарим оронд дайны дараах нөхөн төлбөр төлөхийн зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгийг итгэлцлээр бэхжүүлэх зорилгоор эхэлж байсан түүхтэй. Азийн зарим улсад техникийн сургалтаар эхэлж байсан хамтын ажиллагааны хөтөлбөрүүд өдгөө өргөжин хөгжиж, Япон улс дэлхийд тэргүүлэх хоёр талт хамтын ажиллагааны хөгжлийн түнш орнуудын нэг боллоо. 

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь Япон улсын ХАЁТ-ийг удирдан хэрэгжүүлдэг бөгөөд санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, техник туслалцаа болон яаралтай үеийн тусламж, сайн дурын гишүүн илгээх зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

ХАЁТ-ийг хүлээн авагч улс орны бодлого стратеги, санаачилгатай уялдуулан хэрэгжүүлдэг ЖАЙКА-ийн дэд бүтэц, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүд нь тухайн улсын хөгжлийн бат бэх суурийг тавьдаг. Тухайлбал Монголд иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн “Олон Улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын төсөл” болон “Инженер, технологийн дээд боловсрол /1000 инженер/” төслүүд нь Монгол улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна. Мөн Японы буцалтгүй тусламжийн хүрээнд барьж байгуулсан сургууль, эмнэлгүүд нь хүртээмжтэй нийгмийг бий болгоход дэмжлэг үзүүлсээр байгаа билээ. 

ЖАЙКА-ийн хамтын ажиллагааны үндсэн зарчим нь түншлэгч орны санал санаачилга, өмчлөл, өөрийгөө хөгжүүлэх хүчин чармайлтыг хүндэтгэж, урт хугацааны алсын харааг тууштай дэмжихэд оршино. Бид дан ганц технологи мэдлэгийн нэг талын дамжуулалтаас илүү нягт уялдаа, хамтын ажиллагааны хүрээнд бэхэждэг хүн хоорондын харилцааг эрхэмлэдэг. Ингэснээр тухайн улсын нөхцөл онцлогт тохирсон, тогтвортой өсөлтийг хангах хүний нөөцийг хөгжүүлэх оновчтой шийдлийг бий болгож, цаашлаад ЖАЙКА-ийн түнш орнууд болон Япон улсын хамтын ажиллагааг итгэлцэл, харилцан ойлголцлоор бэхжүүлдэг юм. 

Олон улсын хамтын нийгэмлэгүүд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч дэлхий дахинаа шийдвэрлэгдээгүй олон хүндрэл, бэрхшээлүүд байсаар байна. Уур амьсгалын өөрчлөлт, зэвсэгт мөргөлдөөн, цар тахал, байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал болон бусад асуудлууд давхцаж илүү нарийн, төвөгтэй асуудлуудыг бий болгоод байгаа юм. Бидэнд 2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн зорилтыг /ТХЗ/ биелүүлэхэд 6 жилийн хугацаа үлдээд байгаа хэдий ч НҮБ-аас гаргасан тайланд ТХЗ-ын биелэлт дөнгөж 17 хувьтай гарсан нь анхаарал татаж байна. Монгол улс ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа ч 2030 он хүртэл энэхүү зорилтыг бүрэн хангахад илүү хүчин зүтгэл гаргах шаардлагатай. Түүнчлэн дээр дурдсан нарийн төвөгтэй хямралуудыг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэгүүд илүү нягт хамтран ажиллах шаардлагатай байна.

Дэлхий дахины нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Япон улсын Засгийн газраас 2023 оны 6 дугаар сард илүү үр дүнтэй, стратегич байдлаар хэрэгжүүлэх Хөгжлийн Хамтын Ажиллагааны Дүрмийг шинэчлэн баталсан.

Шинэчлэн баталсан дүрэмд Японы хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн зарчим нь хүн төрөлхтний аюулгүй байдалд суурилна хэмээн тодорхойлжээ. Хүн төрөлхтний аюулгүй байдал гэдэг нь хүмүүс болон хувь хүн айдас түгшүүрээс ангид, үнэ цэнтэй амьдрахыг хүсэх болон амьдарч болох нөхцөлийг хэлнэ. Дээр дурдсан нарийн төвөгтэй хямралууд нь хүн төрөлхтний аюулгүй байдалд заналхийлж, тэр дундаа хөгжиж буй орнуудын эмзэг бүлгийн иргэдэд илүү нөлөөлж байна. Өнгөрсөн хугацаанд ЖАЙКА байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх замаар Монгол улсад хүртээмжтэй нийгмийг бий болгохын төлөө төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. ЖАЙКА нь Япон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн хувиар, ядуурлыг бууруулж, чанартай өсөлтийг дэмжих замаар хүн төрөлхтний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ЖАЙКА нь олон талт оролцогчидтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжлийн хөтөлбөрүүдээ улам боловсронгуй болгож буй. Тулгамдсан, шийдэл хэрэгтэй хөгжлийн маш олон асуудлууд байсаар байна. Эдгээр хөгжлийн сорилтуудыг даван туулах, оновчтой шийдлийг тодорхойлоход төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллага гээд олон талын оролцоо нэн чухал. Түүнчлэн хөгжиж буй олон орон гайхалтай эдийн засгийн өсөлтийг бий болгож, гарааны бизнесүүд нь дэлхийн зах зээлд нэвтэрч байгаа энэ цаг үед дэлхийн өөрчлөлтийг удирдан чиглүүлэх нь дан ганц хөгжингүй орнуудын үүрэг биш болоод байна. Энэхүү цаг дор ХАЁТ-аар дамжуулан олон салбар дахь технологи, мэдлэгийг ашиглан, хөгжлийн аливаа асуудлыг шийдвэрлэх хурдасгуур болгон хамтран хөгжүүлэх нь чухал юм. ЖАЙКА байгууллагаас 2023 оноос эхлэн Монгол улсад “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нээлттэй инновац ба хамтын бүтээл” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Түнш орнуудтай нягт, тасралтгүй харилцааг хөгжүүлж, хамтран оновчтой шийдлийг гаргадаг Япон улсын хамтын ажиллагааны уламжлал бий. ЖАЙКА ч гэсэн энэхүү уламжлалыг түүчээлэн хамтын шийдэл, бүтээлийг бий болгоход үргэлж бэлэн.  

ЖАЙКА-ийн алсын хараа бол “Дэлхий дахиныг итгэлцлээр манлайлах” бөгөөд хүн төрөлхтний аюулгүй байдал, түншлэлийн эрх тэгш байдал, хөгжиж буй орнуудын манлайлал болон өмчлөлийг хүндэтгэн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх явдал юм. Бид ижил үзэл бодолтой хөгжлийн түншүүд болон хөгжиж буй орнуудтай цаашид үргэлж хөгжлийн төлөө хамтран ажиллах болно. Эмх замбараагүй дэлхийд үнэт зүйлээ эрхэмлэн хадгалж, Япон улсын бий болгосон итгэлцэл дээр түшиглэн шинэ сорилтуудыг шинэ шийдлүүдээр хамтдаа даван туулах нь зайлшгүй чухал билээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.