Уншиж байна ...

Хамгийн сүүлд чулуун зэвсгийн үед тэнгэрт харагдсан сүүлт од ирэх долоо хоногт дэлхийд ойрхон өнгөрнө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Неандертальчуудыг бидний өвөг дээдэстэй зэрэгцэн амьдарч байх үед тэнгэрт харагдсан сүүлт од удахгүй дахин манай дэлхийд дахин ойртох гэж байгааг астрономичид мэдээлжээ.

C/2023 A3 (Tsuchinshan-Atlas) нэртэй уг сүүлт одыг одон орон судлаачид өнгөрсөн оны эхээр анх нээж байв.

Маш урт сунжирсан замаар аялдаг энэ биет нарыг 80,000 жил тутамд нэг тойрдог болохыг тэд тооцоолжээ.

Далайн Ван гарагийн нарыг тойрдог замын цаахан талд оршдог “Oort cloud” нэртэй мананцраас энэ сүүлт одыг гаралтай гэж үздэг юм байна.

“Энэ (Oort cloud) бол нарны аймгийг үүсэх үйл явцаас үлдсэн олон тэрбум ширхэг сансрын мөстсөн биетийн бөмбөрцөг хэлбэртэй бөөгнөрөл юм” гэж Royal Observatory Greenwich хүрээлэнгийн астрономич Грегори Браун тайлбарлажээ.

Сүүлт од өнгөрсөн сарын сүүлээр наранд хамгийн ойрхон зайд өнгөрсөн бол аравдугаар сарын 13-нд дэлхийд хамгийн ойр зайд хүрэх юм байна.

Гэхдээ нарны тусгалыг тооцож үзэх юм бол дэлхийгээс хамгийн тод ажиглагдах өдөр нь аравдугаар сарын есөн гэж Браун дүгнэжээ.

“Сүүлт одны хувьд бидэнд ойрхон байх тусмаа тод харагддаг ч бас наранд ойрхон байх тусмаа дэлхийгээс илүү тод ажиглагддаг. Тиймээс дэлхийд хамгийн их ойртох үедээ хамгийн тод харагдана гэсэн ойлголт байхгүй” гэж тэр үүнийг тайлбарласан байна.

Аравдугаар сарын 9-ний өдөр тэнгэрт үзэгдэх биетийг хүмүүс дуран телескоп хэрэглэлгүй, шууд нүдээрээ харах боломжтой байж магадгүй гэнэ.

“Нүдээрээ шууд харах боломжтой сүүлт од маш ховор байдаг. Харин энэ нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд бидний харсан хамгийн хурц тод сүүлт од болж магадгүй юм” гэх Браун ярьжээ.

Яг одоо дэлхийн бөмбөрцгийн хойд болон өмнөд хагасын хүмүүс өглөө эрт нар мандахаас өмнө, зүүн тэнгэрийн хаяанд, “Sextans” одны ордны чигт харвал дээрх сүүлт одыг харах боломжтой гэнэ.

Ирэх өдрүүдэд байрлал нь аажим шилжсээр аравдугаар сарын 13-наас хойш орой нар жаргасны дараа баруун тэнгэрийн хаяанд орших “Boötes” одны ордны чигт харагддаг болох ажээ.

 

Эх сурвалж: The Guardian