Зураг
Зураг
Индэр    
2024 оны 10 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

Халамцуу эр “Миний ганц хайртай Зориг” хэмээн бувтнаж, уйлах гэж хүчлээд нулимс нь гарсангүй бололтой цааш гуйвлана

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амиа алдсан өдөр өнөөдөр. Тэрээр 1998 оны аравдугаар сарын 2-ны орой бусдад хөнөөгдсөнөөс хойш 26 жил өнгөрчээ. Гэвч энэ хугацаанд парламентын гишүүн амиа алдсан гэмт хэргийн буруутныг хууль хяналтын байгууллагынхан олж тогтоож “чадаагүй”.

С.Зоригийг нас барсан өдөр түүний хөшөөнд цэцэг өргөдөг уламжлал тогтоод буй. Энэ ёсоор өнөөдөр С.Зоригийн нэртэй ямар нэгэн сэжмээр холбоотой бүхэн хөшөөнд цэцэг өргөхөөр очжээ. Энэ цаг үед ид өрнөж байгаа орон нутгийн сонгуулийн сурталчилгаа энэхүү уламжлалыг улам ч сүржин, хөл хөөртэй болгох аж.

Хүмүүс цугларч, энэхүү сүрт ёслол эхлэхээс ч өмнө хамгийн түрүүнд “С.Зориг” сангийнхан, тэдний араас Иргэний Зориг Ногоон Намын төлөөлөл, Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны гишүүд цэцэг өргөжээ. Тэд хэвлэлийнхэнд зар дуулгаж, зурагчин, зураглаач дагуулсангүй, чимээгүйхэн цэцгээ өргөөд буцсан байна.

Харин тэдний араас Нийслэлийн Ардчилсан Намын гишүүд буюу орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид цэцэг барин хөшөөний өмнө эгнэж зогсоод зургаа даруулцгаав. Дараа нь бараг л хүн тус бүр хэвлэлд ярилцлага өгч, тал талаас зургаа даруулцгааснаар тарлаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэдэнтэй зэрэгцэн МоАХ-ны гэгддэг ахмадууд дуу шуутайхан уулзалдаж, С.Зоригийнхоо хөшөөний өлмийнөөс адис авцгаан нар зөв тойрч, бужигнаж байгаа харагдсан. Хижээл насны халамцуу эр хөшөөний өмнө тонгойхдоо “Миний ганц хайртай Зориг” хэмээн бувтнаж, уйлах гэж хүчлээд нулимс нь гарсангүй бололтой цаашаа гуйвлан явах аж.   

зураг
 

Ямар ч аргаар хамаагүй онцгойрох гэж хичээж байна уу даа гэмээр үйлдэл ч харагдах. Ард нь овог, нэр бичсэн цагаан хантаазаар жигдэрсэн залуус хөшөөнд цэцэг өргөөд, толгойгоо гудайлган хэсэг зогсоцгооно. Дунд нь цагаан касктай нэг эмэгтэй ганцаараа сондгойрох. Тэр нь овог нэрээ хувцас дээр бичүүлсэн мөнөөх нэр дэвшигч юм байх. Энэ мэтчилэн хөшөө тойрсон элдэв “тоглолт” үргэлжилсээр дараагийн ээлж болох Ардчилсан Намынхан тэр дундаа УИХ-ын гишүүдийн төлөөлөл цэцгээ өргөв. Тэд мөн л зургаа авхуулж, сэтгүүлчдэд яриа өгснөөр таран одсон.

Эцэст нь УИХ-ын даргын захирамжаар өнөөдөр байгуулагдсан ажлын хэсгийг төлөөлж МАН-аас сонгогдсон хоёр эмэгтэй гишүүн хөшөөний хажууд мэдээлэл өгснөөр өнөөдрийн үйл явдал үндсэндээ өндөрлөлөө.

Ийнхүү дараа жилийн энэ өдөр хүртэл С.Зоригийн хөшөө нам жим байх нь.