Уншиж байна ...

Перугийн ширэнгэд гадаад ертөнцөөс тусгаарлагдан амьдардаг овгийнхон мод бэлтгэгчдийн амийг хөнөөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Перу улсын нутагт оршдог Амазоны ширэнгэ ойд гадаад ертөнцөөс тусгаарлагдсан амьдардаг Машко Пиро овгийнхон газар нутагт нь нэвтэрсэн хоёр мод бэлтгэгчийн амийг нум сумаар харван хөнөөсөн тухай FENAMAD байгууллага өчигдөр мэдээлжээ.

FENAMAD нь Перугийн уугуул иргэдийн эрхийг хамгаалдаг байгууллага юм.

Сүүлийн жилүүдэд нутгийн уугуул иргэд болон мод бэлтгэгч компаниудын хоорондын зөрчил нэмэгдсэн, үүнийг зохицуулах яаралтай шаардлагатай байгааг тус байгууллага Перугийн эрх баригчдад анхааруулжээ.

Уугуул иргэдийн халдлагын үеэр дээрх хоёр хүнээс гадна бас нэг хүн сураггүй алга болж, өөр нэг хүн шархадсан юм байна.

Сураггүй алга болсон мод бэлтгэгчийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж буйг FENAMAD мэдээлжээ.

Перу улсын зүүн өмнөд нутгийн Амазоны ширэнгэ ойд гадаад ертөнцтэй хэлхээ холбоогүй 39 овог аймгийн хүмүүс амьдардаг нь FENAMAD байгууллагын бүртгэлд байдаг.

Сүүлийн мөргөлдөөн наймдугаар сарын 29-ний өдөр Париаману голын эрэгт болжээ.

Тухайн үед мод бэлтгэгчид өөрсдөдөө ширэнгэ рүү орох зам гаргаж байсан байна.

Өнгөрсөн долдугаар сард эндээс 25 км зайтай өөр нэг газарт бас Машко Пиро овгийнхон мод бэлтгэгчидтэй тулгарч байжээ.

Үүнээс өмнө хэд хэдэн ийм мөргөлдөөн гарч байсан юм.

Тухайлбал 2022 онд хоёр мод бэлтгэгч уугуул иргэдтэй тааралдах үеэр нум сумаар харвуулснаас нэг нь алагдаж, нөгөө нь шархдаж байв.

Перу улсын засгийн газар энэ оны нэгдүгээр сард ширэнгээс мод бэлтгэхэд тавьсан хязгаарлалтаа сулруулсан нь газар тариалан, уул уурхайн хайгуул олборлолтын зорилгоор мод огтлох явдлыг эрчимжүүлжээ.

 

Эх сурвалж: CNN