Уншиж байна ...

Орос, Украины талууд нийт 230 олзны цэрэг солилцлоо

Т.Давааням, ikon.mn
2024 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Орос, Украин улсууд өчигдөр буюу Бямба гарагт Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) зуучлалаар тус бүр 115, нийт 230 олзны цэрэг солилцжээ.

Энэ нь Украины арми ОХУ-ын Курск мужийн нутагт халдан довтолсноос хойших хугацааны анхны солилцоо юм.

Наймдугаар сарын 6-нд эхэлсэн уг довтолгоо дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа гадаадын зэвсэгт хүчин Оросын газар нутагт халдсан тохиолдол болоод байгаа.

Олзны цэргийн солилцоо Украин улсын тусгаар тогтнолын 33 жилийн ойтой давхацжээ.

Тус улс 1991 оны наймдугаар сарын 24-ний өдөр Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарлаж байсан юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам энэ солилцоогоор зөвхөн Курскийн тулааны үеэр олзлогдсон цэргүүдээ буцааж авсныг мэдээлжээ.

Олзны цэргүүд нь одоо Беларусьт байгаа ба эх орондоо буцаж ирснийх нь дараа эмчилгээнд хамруулах тухай тус яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

2022 онд Мариуполь хотыг хамгаалах тулааны үеэр Оросын талд олзлогдсон 82 цэрэг энэ удаагийн солилцоонд хамрагдсаныг Украины хүний эрхийн хорооны дарга Дмитро Лубинец мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр солилцооны нөөц бүрдүүлж өгсөн Курскийн ажиллагаанд оролцогч цэрэг дайчдадаа талархал илэрхийлсэн байна.

Украины дайн эхэлсэн цагаас хойш өөрийнх нь зуучлалаар солилцсон олзны цэргийн тоо нийтдээ 1,788 хүрснийг АНЭУ-ын гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ.

Өчигдрийн арга хэмжээ тус улсын Орос, Украины хооронд зуучилсан долоо дахь удаагийн солилцоо болсон байна.

АНЭУ өөрийгөө ямар ч талуудын дунд зуучлах чадвартай олон улсын хэмжээний хамтын ажиллагаа, аюулгүй байдлыг дэмжигч болоод буйг энэ үеэр мэдэгджээ.

Бямба гарагт ерөнхийлөгч Зеленский бас Ромын Гэрээг баталж, Украин улсыг Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүхийн гишүүн болгосон байна. Энэ нь тус улсыг Европын Холбоонд нэгдэхэд чиглэсэн нэг алхам болж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters