Уншиж байна ...

Германд гарсан цуст халдлагыг үйлдсэнээ Исламын Улс бүлэглэл хүлээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн орой Германы баруун бүсийн Золинген хотод зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүст халдсан юм.

Үүний улмаас гурван хүн алагдаж, найман хүн шархаджээ. Халдлага үйлдсэн этгээдийг одоо эрэн сурвалжилж байгаа.

Бямба гарагийн өглөө цагдаа нар халдлагатай холбоотой гэж сэжиглэгдсэн өсвөр насны хүүхдийг баривчилсан бол орой нь Золинген хотын цагаачдын дүүргээс бас нэг сэжигтнийг баривчилжээ.

Тэгвэл өчигдөр Исламын Улс террорист бүлэглэл уг халдлагыг өөрийнх нь гишүүн үйлдсэнийг Телеграм хуудсаараа зарласан байна.

“Палестин болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа муслимуудын өшөөг авах зорилгоор тэр энэ халдлагыг үйлдсэн юм” гэж тэд тайлбарлажээ.

зураг
 

Умард Рейн-Вестфаль мужийн захирагч Хендрик Вуэст өмнө нь Золингенд гарсан халдлагыг “терроризм” гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв.

Германы дотоод хэргийн сайд Нэнси Файзер халдлага үйлдэгчийг баривчлахад шаардлагатай бүхнийг хийж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр уг халдлагад хоорондоо ямар ч хамааралгүй хүмүүс хохирсон нь терроризмын шалтгаантай гэж харах үндэс болж байгааг тайлбарласан юм.

Золинген хотын цагдаагийн төлөөлөгч Торстен Флейс халдлага үйлдэгч хохирогчдын хоолойг огтлох зорилготой байсныг мэдэгдсэн байна.

“Гэмт этгээдийг аль болох хурдан барьж, хуулийн дагуу шийтгэх ёстой” гэж Германы канцлер Олаф Шольц сошиал хуудсандаа бичжээ.

165,000 орчим оршин суугчтай Золинген хот нь хутга үйлдвэрлэлээрээ алдартай юм.

Ирэх сард болох Тюринг, Саксони, Бранденбург мужуудын орон нутгийн сонгуулийн өмнө ийм халдлага гарч байна.

Цагаачлалыг эсэргүүцэгч хэт барууны нам AfD (Alternative für Deutschland) дээрх сонгуульд ялах магадлалтай байгаа юм.

Нэр дурдсан мужуудын нэгний сонгуульд тус намаас нэр дэвшигч Бёрн Хоке “Та нар үнэхээр ийм байдалд дасахыг хүсэж байна гэж үү? Өөрсдийгөө чөлөөлж, олон соёлт нийгмийг хүчээр байгуулах солиорлоос салцгаая” гэж Х хуудсандаа бичсэн байна.

 

Эх сурвалж: Reuters