Уншиж байна ...

Сансарт гацсан Boeing-ийн хөлгийн нисгэгчдийг ирэх онд өрсөлдөгчийнх нь хөлгөөр дэлхийд авчрахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Boeing компанийн Starliner хөлөг

Энэ оны зургаадугаар сард Boeing компанийн зохион бүтээсэн анхны сансрын хөлгөөр NASA-гийн хоёр нисгэгч дэлхийн тойрог замд хүрсэн юм.

Гэвч Boeing-ийн Starliner хөлгийн жолоодлогын систем дэлхийгээс хөөрснөөсөө хойш 24 цагийн дотор доголдож эхэлжээ.

Уг нь дэлхийн тойрог замд найм хоног ажиллаад буцах байсан сансрын нисгэгчид тэр үеэс хойш Олон Улсын Сансрын Станцад гацаад байгаа.

Тэгвэл өчигдөр NASA-гийн удирдлага хоёр сансрын нисгэгчээ ирэх оны эхээр SpaceX компанийн Crew Dragon хөлгөөр дэлхийд авчрах шийдвэр гаргажээ.

Тодруулбал ирэх сард Crew Dragon хөлөг дөрвөн суудлынхаа хоёрыг хоосон дэлхийгээс хөөрч, 2025 оны хоёрдугаар сард буцаж ирэхдээ тойрог замд гацаад буй Бач Уилмор, Сани Уиллямс нарыг авчрахаар болсон байна.

зураг
 
NASA-гийн сансрын нисгэгч Бач Уилмор, Сани Уиллямс нар

Boeing компани өнгөрсөн хугацаанд Starliner хөлгийнхөө доголдлыг засахаар шаргуу ажиллаж, илгээсэн сансрын нисгэгчдээ өрсөлдөгч SpaceX компанийн хөлгөөр буцааж авчрах санааг няцааж байсан юм. Гэвч эцэст нь бодит байдалтай эвлэрэхээс өөр аргагүй болжээ.

“Энэ бол бидний хүсэж байсан шийдвэр биш гэдгийг би мэдэж байна. Гэхдээ бид NASA-гийн шийдвэрийг дэмжиж ажиллахад шаардлагатай бүх арга хэмжээг авахад бэлэн байна. Сансрын нисгэгчид болон хөлгийн аюулгүй байдал нэн тэргүүний асуудал юм” гэж Boeing компанийн Starliner төслийн удирдагч Марк Наппи мэдэгдсэн байна.

Агаарын тээврийн нисэх онгоцны томоохон үйлдвэрлэгч Boeing компани NASA-гийн захиалгаар анх удаа сансрын хөлөг бүтээсэн нь Starliner юм.

Техникийн асуудалтай байгаа Starliner хөлгийг есдүгээр сард Олон Улсын Сансрын Станцаас нисгэгчгүй салгахаар болсныг NASA өчигдөр мэдээлжээ.

Үүний дараа хөлөг автомат жолоодлогоор дэлхийд буцаж ирэх оролдлого гүйцэтгэх юм байна.

Уг хөлгийг сансрын нисгэгчидтэй буцаах дэндүү эрсдэлтэй гэж үзсэн тул ингэхээр болжээ.

2014 онд NASA сансрын нисгэгчдийг нь тойрог замд хүргэх болон буцаах ажлыг хувийн хэвшлийн компаниудад даалгах зорилгоор Boeing, SpaceX компаниудыг шалгаруулж, сансрын хөлөг бүтээлгэх захиалга өгч байв.

$2.6 тэрбумын санхүүжилт авсан SpaceX компани дөрвөн жилийн өмнө даалгавраа биелүүлж, одоо NASA-гийн сансрын нисгэгчдийг зөөх ажлыг голлон гүйцэтгэж байгаа. Харин үүнээс хавьгүй илүү буюу $4.2 тэрбумын санхүүжилт авсан Boeing компани 2019 оноос хойш олон удаа хойшлуулсны эцэст зургаадугаар сард Starliner хөлгөө анх удаа сансрын нисгэгчидтэй хөөргөсөн нь одоо тойрог замд саатаад байна.

Boeing компанийн үндсэн бизнес болох агаарын тээврийн нисэх онгоцны үйлдвэрлэл нь ч бас сүүлийн жилүүдэд аюулгүй байдлын олон асуудалтай тулгараад байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters