Уншиж байна ...

УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас Даваа гараг хүртэл завсарлага авчээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 8 сарын 24
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын өчигдрийн буюу наймдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар зүйл бүрээр нь хэлэлцсэн талаар онцлов. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн нар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан төсвийн тусгай шаардлагын зохицуулалт болон хуулийг дагаж мөрдөх хэрэгжүүлэхтэй холбоотой заалттай хэрхэн уялдаж байгаа талаар болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх шаардлагатай нийцэж байгаа, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг бууруулах замаар тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2025-2026 онд 2.0 хувь хэвээр байлгах нь зүйтэй гэж үзэн холбогдох тооцооллуудыг хийж, эдийн засгийн зарим үзүүлэлтэд өөрчлөлт оруулан, зарчмын зөрүүтэй нийт зургаан саналын томьёолол гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан нарын гаргасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3-д заасан тусгай шаардлагыг өөрчлөхгүй хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг гишүүдийн олонх дэмжээгүй байна.

зураг
 

Төсвийн байнгын хорооноос хүсэлт гаргасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас эдгээр хуулийн төслүүдийн талаар хууль зүйн дүгнэлт гаргасантай мөн Байнгын хорооны хуралдааны үед танилцсан байна. Улсын Их Хурлын Тамгийн газар дүгнэлтдээ, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт нэмсэн, өөрчлөн найруулахаар заасан нь тухайн хуулийн зарим заалтад нэр томьёоны зөрчил үүсгэхээр байгааг тэмдэглэжээ. Тус дүгнэлтийн дагуу нэр томъёо, зүйл заалтыг нийцүүлэх засварыг оруулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулгадаа дурдлаа.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, М.Нарантуяа-Нара, Д.Энхтуяа, Б.Жаргалан, Х.Баасанжаргал, Б.Мөнхсоёл, Б.Батбаатар, Б.Пунсалмаа, Б.Түвшин, Д.Пүрэвдаваа нар асуулт асуулаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслүүдийн боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн эдийн засгийн тооцоо, суурь үзүүлэлтэд тулгуурласан эсэх, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх хөрөнгийн дүнгийн талаар асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц улсын төсвийн дүрмүүдийн шинэчлэлийг олон улсын жишигт хэрхэн нийцүүлж байгаа болон төсвийн сахилга бат сул байгаа эсхийг асуув. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чадавх зохих түвшинд хүртэл гадаадад эмчлүүлэх хүүхдүүдийн эмчилгээний зардлыг шийдвэрлэх боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ДНБ-ий хэмжээ, өсөлтийн хувь, эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлийн эзлэх хувь болон төсвийн зарлагын өсөлтийн тухай асууж тодорхой хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан мөн төсвийн зарлага тэлснээс үүсэж болзошгүй эрсдэлийн талаар хөндөж асуулаа. Энэ асуултын мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл тавьж, төсвийн тэлэлтээс шалтгаалах эдийн засгийн халалт ямар хэмжээнд байх, энэ тэлэлтийг манай улсын эдийн засгийн хэрхэн шингээх, үнийг хэрхэн тооцоолж буйг тодруулж, хариулт авсан юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлсэн үйл явц холбогдох хууль тогтоомж, тэр дундаа хууль тогтоомжийн тухай хуульд хэр нийцэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал тодруулж, холбогдох тайлбарыг авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар том төслүүдийн суурь эрсдэлийн талаарх үнэлгээ тооцоо ямар гарсан талаар асууж тодруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, гадаад зах зээл дээрх эрэлт суларч буйг дурдан, энэ талаарх эрсдэлийг хэрхэн тооцсон болон том төслүүдийн хэрэгжилтэд учирч болзошгүй эрсдэлүүд, мөн төсвийн урсгал зардал ДНБ-ий 30.0 хувийн таазанд хүрэх магадлал ямар байгааг асуусан юм.

Хэлэлцэж байгаа асуудлуудыг Засгийн газар богино хугацаанд, тооцоо судалгаа муутайгаар, мэргэжлийн бус байдлаар боловсруулсан гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин илэрхийлж, манай улсын нийт зэлийн хүү төсвийн орлогын хэдэн хувьтай тэнцэх, эрдэс баялгийн салбараасаа олж буй төсвийн орлогод ямар эрсдэл үүсэх эсэх зэргийг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдгээр төслүүд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг сануулж, энэ эрсдэл аж ахуйн нэгжүүд, иргэдэд хэрхэн нөлөөлөх, хуулийн төслүүдийн хэлэлцэж байгаа улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж буй талаар асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад өгсөн хариултдаа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн улсын төсвийн тэнцвэржүүлсэн болон суурь тэнцлийн шалгуурт өөрчлөлт оруулж буй талаар дурдаад, урсгал зардал ДНБ-ий 30.0 хувиас, өрийн дүн 60.0 хувиас хэтрэхгүй байх хязгаар тавьж буйг болон зээлээр санхүүжиж байгаа зардлыг төсвийн зарлагад тусгахгүй байхаар тооцсон талаар тайлбарласан юм. Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн суурь тэнцлийг жил бүр +2.0 хувь байхаар тооцсон нь 1.6 их наяд төгрөг болно гэдгийг онцолж, 2025 онд Монгол Улс 1.0 их наядын төгрөгийн өр төлөхөөр байгааг мэдээлж, үүнээс 0.6 их наядаар илүү боломжийг суллаж гаргаж ирж байгаа гэсэн. Тэрбээр, улсын төсөв байнгын ашигтай байна гэсэн тайлбарыг Улсын Их Хурлын гишүүдэд өгч, төсвийн тусгай шаардлагуудыг сулруулсныг харин сайжруулж байна гэсэн юм. Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлд оруулж буй өөрчлөлтүүд зарлагыг ихээхэн тэлснээр хэтдээ орлогын тасалдал үүсэх, валютын ханш, инфляцын эрсдэл дагуулж болзошгүй гэж дүгнэсэн тус зөвлөлийн байр суурийг илэрхийлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудлыг талаар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Г.Тэмүүлэн нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Засгийн газарт хамтарч буй намууд олон жил ужгирч гацсан асуудлуудаа шийдье, эдийн засгаа урагшлуулъя гэсэн хамтын шийдвэр гаргаж байгааг дэмжиж байна гээд, төсвийн дүрмүүд, тогтвортой байдлын асуудал дээр Улсын Их Хурлын гишүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй байгаад санаа зов байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, төсвийн тодотголтой хамтруулаад урт хугацаанд үйлчлэх ёстой төсвийн дүрэм, цаглаврыг өөрчлөх асуудлыг богино хугацаанд яаруу түргэн оруулж ирж байгаа нь зарчмын хувьд буруу гэж үзэж буйгаа онцолж, Засгийн газрын болон Улсын Их Хурлын гишүүд энэ өөрчлөлтөөс ямар эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг сайн мэдэж байгаа гэдэгт эргэлзэж байна гэв. Монгол Улс төсвөө эрт хэлэлцэж, олон нийтэд нээлттэй, сайн хэлэлцүүлэг өрнүүлдэг, сайн баталдаг байх ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр онцолж, ХҮН нам хэдийгээр Засгийн газарт хамтарч байгаа ч буруу, мэргэжлийн бус, маргаантай зүйлийг хэлж шүүмжилж, шаардлагатай бол зогсоож явна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Г. Тэмүүлэн, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль,  төсвийн хүрээний мэдэгдэл бол Улсын Их Хурлаас Засгийн газарт төсөв санхүү, эдийн засгийнх талаас нь хяналт тавьж, аюулгүй байдлыг хангах үндсэн суурь бодлогын баримт бичиг, “Төсвийн үндсэн хууль” юм гээд, эдгээрийг мөрдөхгүй байгаа явдлыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж эхлэв. Гэвч санал хураах явцад хэлэлцэж буй Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон тул тус бүлгийн дарга Л.Мөнхбаатар хүсэлт гаргаж, ирэх даваа гариг хүртэл буюу 2024 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 10.00 цаг хүртэл завсарлага авсан.