Уншиж байна ...

Талибаны дэглэм олон нийтийн газарт “эмэгтэй хүний дуу хоолой” гаргахыг хориглов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Афганистаны Талибаны дэглэм олон нийтийн газарт эмэгтэй хүний дуу хоолойг хориглох шийдвэрийг энэ долоо хоногт гаргажээ.

Лхагва гарагт батлагдсан Исламын ёс уламжлалыг сахиулах хуулийн дагуу эмэгтэйчүүд олон нийтийн газарт явахдаа бусдыг өдөөн хатгахаас зайлсхийхийн тулд бүх биеэ, нүүрээ халхлах ёстой болсон байна.

Ийм хувцас өмсгөл нь нимгэн, бариу, богино байхыг хоригложээ.

Мөн хаана ч байхдаа муслим биш эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өмнө  бие, царайгаа ил гаргаж болохгүйг хуульд заасан байна.

Бусдыг өдөөн хатгах нөлөөтэй гэсэн үндэслэлээр олон нийтийн газарт эмэгтэй хүн дуу дуулах, чангаар юм уншихыг хоригложээ.

Бас цусан төрлийн холбоотой эрэгтэй болон нөхрөөсөө бусад бүх эрчүүд рүү эгцлэн харах ёсгүй болсон байна.

“Исламын энэ хууль нь ариун явдлыг сурталчлах, бузар нүглийг арилгахад маш их тустай юм” гэж Пүрэв гарагт хуулийг танилцуулах үеэрээ Талибаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Маулви Абдул Гафар Фарук хэлжээ.

Талибанчууд 2021 онд Афганистаны засгийн эрхийг авахдаа “ариун буяныг сурталчилж, нүглээс зайлсхийх” яам гэгчийг байгуулж байсан юм.

Уг яамнаас анх удаа Исламын ёс уламжлалыг хадгалах, хамгаалах зорилготой хууль гаргасан нь энэ ажээ.

114 хуудас, 35 бүлэгтэй шинэ хуульд бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр аливаа амьд биетийн дүрс, зураг харуулахыг хориглож, хөгжим тоглох, эмэгтэй хүн ганцаар зорчих, цусан төрлийн бус эсрэг хүйсний хүмүүс нэг дор хамт байхыг хориглосон байна.

Мөн нийтийн тээврийн жолооч, зорчигчид тодорхой цагт хөдөлгөөнөө зогсоож, мөргөл үйлдэх үүрэгтэй болжээ.

Хуулийг зөрчсөн тохиолдолд ял шийтгэл оноох эрхийг “ариун буяныг сурталчилж, нүглээс зайлсхийх” яам эдэлдэг болсон байна.

 

Эх сурвалж: CNN