Уншиж байна ...

Энэтхэгийн ерөнхий сайд Украинд хийсэн түүхэн айлчлалынхаа үеэр дайнаа дуусгахыг талуудад уриалав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди анх удаагаа Украины нийслэл Киев хотод айлчлан очжээ.

Энэ бол Энэтхэгийн төр, засгийн тэргүүний тус улсад хийсэн анхны айлчлал юм.

Модигийн айлчлал хоёр жил, хагас орчим хугацаанд үргэлжилж буй Орос-Украины дайн дипломат арга замаар шийдэгдэх боломж улам бүр алсран холдож буй эгзэгтэй цаг үед тохиож байна.

Моди сар хүрэхгүй хугацааны өмнө ОХУ-ын нийслэл Москвад айлчилсан юм.

Дайтагч талуудтай тэнцвэртэй харилцахыг эрмэлзэж байгаа тэрбээр өчигдөр дайныг яриа хэлэлцээний замаар дуусгаж, энх тайван байдал тогтоох хүсэлтэйгээ илэрхийлжээ.

зураг
 

Хоёр удирдагч уулзалтын үеэр олон сэдвээр санал бодлоо солилцсон тухай хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тухайлбал ерөнхийлөгч Зеленский газрын тос худалдаж авах замаар Оросын дайныг санхүүжүүлж буй Энэтхэгийн байр суурийг хөндсөн тухай дурджээ. Гэхдээ энэ асуудлаар талууд ямар нэг тохиролцоонд хүрээгүй байна.

Моди хариуд нь Оросыг оролцуулсан энхийн яриа хэлэлцээнд шилжихийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

“Энэтхэгийн тал зарчмын байр сууриа дахин илэрхийлж, яриа хэлэлцээ, дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэхэд илүү ач холбогдол өгч байна. Ерөнхий сайд Моди бүх талуудад чин сэтгэлээсээ, бодитой хамтран ажиллах шаардлагатайг дахин санууллаа” гэж мэдэгдсэн байна.

Модигийн Москвад хийсэн айлчлалын үеэр Оросын арми Киев хотын хүүхдийн эмнэлгийг бөмбөгдсөн юм.

Энэ үеэр Путинд хандаж хэлэхдээ Моди “дайн бол асуудлыг шийдэх арга зам биш”, “гэм зэмгүй хүүхдүүд алагдсан нь тэвчихийн аргагүй зовлон шаналал юм” гэж байв.

зураг
 

Энэтхэг улс Оростой түүхэн харилцаагаа хадгалж үлдэхийг хичээхийн хажуугаар бүс нутгийн гол өрсөлдөгч Хятадын эсрэг зогсохын тулд Өрнөдийн орнуудтай ойртох шаардлагатай болоод байгаа.

Тиймээс өнөөдрийг хүртэл Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэх дайныг ганц ч удаа буруутгаагүй байна. Бас зах зээлгүй болсон Оросын газрын тосыг хямд үнээр худалдан авсаар байгаа.

Өрнөдийн орнууд үүнийх нь төлөө Энэтхэгийн байр суурийг хурцаар шүүмжилж, дарамт шахалт үзүүлсээр байна.

Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг Оросын мэдэлд хэвээр үлдээхийг зөвшөөрвөл Киевийн эрх баригчидтай хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байгаагаа Путин энэ оны эхээр мэдэгдэж байлаа.

Украины тал үүнийг эрс эсэргүүцэж байгаа. Энэ сарын эхээр Украины цэрэг ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрт нэвтэрч, багагүй хэмжээний газар нутгийг хяналтдаа оруулсан. Ерөнхийлөгч Зеленский энэ ажиллагаа нь Оросыг яриа хэлэлцээний ширээнд суулгах зорилготой гэж тайлбарлаж байгаа.

Гэхдээ одоогоор Оросын талаас ингэх шинж тэмдэг харагдахгүй байна.

Моди айлчлалынхаа үеэр дайнд амь үрэгдсэн хүүхдүүдийн дурсгалын цогцолборт зочилж, Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: AFP