Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюуны технологи программ хөгжүүлэгчдийг “ажилгүй” болгоно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны технологи хүмүүсээс олон ажлын байрыг булаах тухай яригддаг.

Үүнд программ зохиогчийн ажлын байр ч өртөх тухай Amazon Web Services (AWS) компанийн гүйцэтгэх захирал Мэтт Гармэн ярьсан байна.

Түүний зургаадугаар сард ажилтнууддаа ярьсан зүйлийн дотоод тэмдэглэлийг Бизнес Инсайдер сайт олж авснаа өчигдөр нийтэлжээ.

“Өнөөдрөөс 24 сарын дараа, эсвэл хэсэг хугацааны дараа, хэзээ гэдгийг би яг хэлж чадахгүй байна, ихэнх программ хөгжүүлэгчид код бичихээ болих өндөр магадлалтай” гэж тэр энэ үеэр ярьсан байна.

Гармэн нь Амазон компанид 20 орчим жил ажилласны дараа энэ оны зургаадугаар сард үүлэн технологийн салбарыг хариуцдаг Amazon Web Services компанийг удирдах болсон юм.

Код бичих ажлыг хиймэл оюунт машинууд гүйцэтгэдэг болсны дараа хөгжүүлэгчид эцсийн бүтээгдэхүүн нь ямар байхад илүү анхаарал хандуулдаг болох ёстой гэж тэр үздэг юм байна.

“Энэ нь бид бүгд манай хэрэглэгчид яг юуг хүсэж байгаа, хийж буй зүйл маань эцэстээ яг ямар болох ёстой талаар илүү их боддог болно гэсэн үг” гэж Гармэн ярьжээ.

AWS компани одоо 130,000 орчим ажилтантай. Дөрөвдүгээр сард тус компани борлуулалт, маркетинг, үйлчилгээний салбарын хэдэн мянган ажлын байраа цомхотгож байв.

Goldman Sachs банкны технологи хариуцсан дэд ерөнхийлөгч Марко Аргенти энэ оны дөрөвдүгээр сард хэвлэлд ярихдаа бас Гармэнтэй ижил утгатай байр суурь илэрхийлж байжээ.

Хиймэл оюуны эрин үед ажиллахад дан ганц технологийн ур чадвар, мэдлэг хангалтгүй гэж тэр үздэг юм байна.

Аргенти ирээдүйн инженерүүдэд, бас коллежид сурдаг охиндоо мэргэжлээсээ гадна философи судлахыг зөвлөжээ. Философийн мэдлэг чадвар программ хөгжүүлэгчдэд юмсыг олон талаас нь харах, учир шалтгааныг олох, хиймэл оюунаас хоцролгүй сэтгэдэг болоход тусална гэж тэр үзэж байна.

 

Эх сурвалж: Business Insider