Уншиж байна ...

Пицца Хат-ын “ЮНЕСКО” салбарт сонсголын бэрхшээлтэй иргэн амжилттай ажиллаж байна

ikon.mn
2024 оны 8 сарын 23
ikon.mn
зураг
 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №29  

“Таван Богд Фүүдс Пицца” ХХК буюу “Pizza Hut” брэнд

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

Олон талын дэмжлэг болон өөрийн хичээл зүтгэлийн үр дүнд амжилттай ажиллаж байна

зураг
 
Пицца Хат-ын “Юнеско” салбарын ажилтан О.Энхманлай /голд/ болон тус салбарын ээлжийн менежер А.Нямхүү /баруун гар тал/, ажлын байрны дадлагажуулагч Б.Батцэцэг /зүүн гар тал/ нар. /зургийг 2024 оны 3-р сард авав/

Олон хүний дунд орж ажиллах нь түүний хувьд том сорилт байсан

2010 оны үеэс Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, нийслэл Улаанбаатар хотод Шангрилла, Холидэй Инн, Новотел, Тоёко Инн гэх мэт дэлхийн хэмжээний зочид буудлуудын салбар байгуулагдан, сүүлийн үед CU, GS25 зэрэг ая тухтай сүлжээ дэлгүүрүүд хотын хаа сайгүй харагдах болжээ.

Ялангуяа кофе шоп, ресторан, түргэн хоолны салбарт гадаадын хөрөнгө оруулалт хүч түрэн орж ирж, KFC, Бургер Кинг, Caffe Bene зэргийн салбаруудаар бүхий л насны хүмүүс өргөнөөр үйлчлүүлдэг эрэлттэй газар болжээ.

Дэлхийн хамгийн том сүлжээ ресторануудын нэг болох “Pizza Hut” нь 1958 онд АНУ-ын Канзас мужид анх үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 100 гаруй оронд нийт 19,000 орчим салбартай. Таван Богд групп “Pizza Hut” брэндийн франчайзын эрхийг авч, Монгол улс дахь анхны салбарыг 2014 оны 7-р сард Улаанбаатар хотод нээснээс хойш их хотын хөл ихтэй газруудад салбаруудаа амжилттай байгуулсаар байна. 2024 оны 7-р сарын байдлаар нийт 25 салбарт 700 гаруй ажилтан ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч 7-р сард орон нутаг дахь анхны салбар Дархан-Уул аймагт нээлтээ хийн, үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт өргөжсөөр байна. Олон улсын хэмжээний сүлжээ ресторан гэдэг утгаараа CSR буюу нийгэмд хүлээх хариуцлагаа өндрөөр ухамсарлаж, салбар тус бүрд 2 хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажиллуулахаар зорилт тавин ажиллаж байгаа ажээ. Одоогийн байдлаар 25 салбарт нийт 21 хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажилладаг.

Замын хажуугийн цас хараахан ханзарч амжаагүй 3-р сарын дундуур бид Юнескогийн гудамжинд байрлах Пицца Хат-ын салбарыг зорьсон. 2015 оны 4-р сард нээгдсэн тус салбар нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс холгүй, орон сууцны хорооллууд, сургууль, оффисын барилгууд дунд байрладаг учраас бусад салбаруудтай харьцуулахад үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй их гэнэ. Тус салбарт нийт 35 ажилтан ээлжээр ажилладаг. Биднийг очсон өдөр үдийн хоолны цаг хэдийн өнгөрсөн байсан ч үйлчлүүлэгчдийн хөл тасрахгүй байлаа.

зураг
 
“Пицца Хат”-ын “Юнеско” салбарын ажилтан О.Энхманлай /зургийг 2024 оны 3-р сард авав/.

О.Энхманлай нь одоо 32 настай бөгөөд сонсголын бэрхшээлээс гадна хөнгөн хэлбэрийн оюуны бэрхшээлтэй. 2023 оны 11-р сараас “Пицца Хат-ын Юнеско” салбарт ажиллаж байгаа юм.

Тэр 6 настайдаа бага сургуульд орсон ч орчиндоо дасаж чадалгүй сургуулиасаа гарчээ. Тэр үеэс хойш дахиж сургуульд сураагүй учраас уншиж бичих тал дээр тааруухан. Сүүлд “Энэрэл” МСҮТ-д 1 жил суралцаж төгссөн ч коронагийн үе таарч, ажил олдохгүй байсан тул орцны жижүүрээр ажилладаг ээжийнхээ ажилд хэсэг хугацаанд тусалжээ.

Ажилд орж чадахгүй байсан түүнийг Пицца Хат-д ажилд оруулсан хүн бол DPUB2 төслийн үйл ажиллагааны хүрээнд бэлтгэгдсэн ажлын байрны дадлагажуулагч, сургагч багш Б.Батцэцэг юм. “Энэрэл” МСҮТ-ийн дэд захирал А.Уянга өөрийн төгсөгч болох О.Энхманлайг ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Б.Батцэцэг дадлагажуулагчид анх тавьжээ. Улмаар хүсэлтийг нь хүлээн авч, хамгийн эхэнд О.Энхманлай болон түүний ээжтэй уулзаж танилцсан байна. Хүүгийнхээ ирээдүйд санаа зовж байгаа тухайгаа ярих ээж, ажил хийх чин хүсэлтэй хүү хоёрын санаа сэтгэлийг сонсож, байр байдалтай нь танилцаад заавал дэмжлэг үзүүлж, ажилд оруулахаар шийджээ.

Дэмжлэгийн эхний шатанд О.Энхманлайд хөгжлийн бэрхшээлийн үнэлгээ хийж, харилцааны тал дээр маш найрсаг, тохирох ажилд нь оруулбал үр бүтээлтэй ажиллах бүрэн боломжтой болохыг нь мэдэж авсан байна. Ингээд зан харилцааны хувьд үйлчилгээний байгууллагад ажиллах боломжтойн дээр удаан цагаар зогсож ажиллахад ямар нэг асуудал байхгүй гэж үзэн, Пицца Хат-д ажилд оруулах талаар Таван богд группийн хүний нөөцийн албаны дарга, менежерүүдтэй ярилцаж, ажлын ярилцлагад хамтдаа орцгоожээ. Таван богд группийн төв оффист болсон ажлын ярилцлагын дараа О.Энхманлай гэртээ хамгийн ойр байрлах Пицца Хат-ын салбар болох “Юнеско” салбарт ажиллахаар болов.

Тэр ажилдаа их дуртай. Өглөө бүр тогтсон цагтаа гэрээсээ гарч, автобусаар ажилдаа явна. Эхний үед ээж нь түүнийг ажилд нь хүргэж, бас ирж авдаг байсан бол одоо ганцаараа ирж очдог болжээ. Нэг ч удаа ажлаас хоцорч, тасалж байгаагүй гэнэ. Хамт олон, үйлчлүүлэгчид гээд олон хүний дунд орж ажиллах нь түүний хувьд том сорилт байсан нь гарцаагүй. Пицца Хат-д орсон бүх л ажилтнуудын нэгэн адил О.Энхманлай эхлээд цэвэрлэгээний ажил хийдэг байв. Одоо харин гал тогооны хэсэгт ажиллаж байгаа бөгөөд пиццаны гурил зуурах, бэлтгэх ажлыг хариуцан хийж байна. Өдөрт 3 тогоо дүүрэн гурил зуурч бэлтгэх гэдэг тийм амар ажил биш ч тэр “Би ажилдаа дуртай”, “Манай ажил их сонирхолтой” гээд инээмсэглэл тодруулж байсан юм. 

Хамт олны дэмжлэг буюу ажлын байран дахь дэмжлэг хамгийн чухал

зураг
 
О.Энхманлай /зүүн гар тал/ болон ээлжийн менежер А.Нямхүү /баруун гар тал/ нар /зургийг 2024 оны 3-р сард авав/

О.Энхманлайг ажлын хамт олон нь маш их үнэлж бас дэмждэг. Тэдний нэг бол ээлжийн менежер А.Нямхүү. Оюутан байх үеэсээ л Пицца Хат-д цагийн ажилтнаар ажиллаж, их сургуулиа төгсөөд ч үргэлжлүүлэн ээлжийн менежерээр ажиллаж байгаа юм.

А.Нямхүү менежер дохионы хэлээр төвөггүй ярьдаг. Хамт амьдардаг байсан авга эгч нь сонсголын бэрхшээлтэй байсан учраас дохионы хэлийг багаасаа сурчээ. О.Энхманлайгийн хувьд бага сургуульд бүрэн хамрагдаагүй болохоор дохионы хэлийг бүрэн эзэмшиж чадаагүй ч А.Нямхүү менежертэй бол төвөггүй харилцаж байгааг харахад аргагүй л ажлын хамтрагчид гэлтэй.

“Энхманлай ах ажлаа маш сайн хийж гүйцэтгэдэг. Ажил 9 цагт эхэлдэг ч голдуу 8 цаг дөнгөж өнгөрөөгөөд л ирчихдэг. Цэвэрлэгээ хийх, зуурмаг бэлтгэх ажлуудыг аль алийг нь  маш сайн хийдэг” гээд А.Нямхүү менежер инээмсэглэв. Тэр үргэлжлүүлэн “Амралтын цагаараа бүжиглэх, хэн нэгнийг дуурайх гээд заримдаа их хөгжилтэй байдаг. Бусад ажилтнуудтай маргалдах, ямар нэг байдлаар бусдад төвөг удах үйлдэл огт гаргаж байгаагүй. Үргэлж л тайван, дөлгөөн байдаг. Яг л Энхманлай ах шиг сэтгэлтэй, чадварлаг ажилтнууд орж ирээсэй гэж боддог” гэсэн юм. Тэрбээр О.Энхманлайг ажилд орсон эхний үед ээжтэй нь байнга утсаар ярьдаг байсан ба одоо ч шаардлагатай зүйл гарвал холбогддог гэнэ.

Пицца Хат-ын шинэ ажилтнууд эхлээд цэвэрлэгээний ажил хийж эхэлнэ. Дараа нь гал тогооны хэсэгт ажиллана. Харин ажилдаа дадлагажаад ирвэл захиалга авах хэсэг, касс буюу тооцооны хэсэгт ажилладаг. О.Энхманлайгийн хувьд бэрхшээлийн онцлогт нь тохируулан гал тогооны хэсэгт голлон ажиллуулдаг ба захиалга авах болон тооцооны хэсэгт ажиллуулдаггүй нь ажлын байрны тохируулгын нэг хэлбэр юм. Мөн ажлын цагийн хувьд бусад ажилтнуудтай харьцуулахад тогтсон цагт буюу өглөө 9 цагаас орой 17 цаг хүртэл ажиллуулж, орой болон шөнийн ээлжид ажиллуулдаггүй нь ч бас нэг тохируулга юм. А.Нямхүү менежерээс бусад дохионы хэл мэддэггүй ажилтнуудын хувьд О.Энхманлайд ажлын зааварчилгаа өгөхдөө дохио зангаа, мөн биеэр хийж үзүүлэх зэрэг аргуудыг ашигласан байна.

“Энхманлайтай хамтарч ажиллахдаа юун дээр анхаарч ажилладаг вэ?” гэж А.Нямхүү менежерээс асуухад, “Ер нь хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй шинээр орсон ажилтнуудад ч нэг зарчмыг баримталж ажилладаг. Тэр нь юу вэ гэвэл, ажилд орсон эхний өдрөөс нь хэцүү ажил даалгахгүй байх юм. Учир нь хэцүү зүйл даалгаснаар алдаа гаргаж, шантрах магадлалтай. Тийм учраас хамгийн энгийн ажлаас эхэлж зааж, сургах хэрэгтэй” гэсэн юм. 

Хүн бүр өөр өөрийн амьдралаар амьдрах боломжтой тийм нийгмийг бүтээх юм сан

зураг
 
О.Энхманлай /баруун гар тал/ А.Нямхүү /голд/、ажлын байрны дадлагажуулагч Б.Батцэцэг /зүүн гар тал/ нар. /зургийг 2024 оны 3-р сард авав/

О.Энхманлайд дэмжлэг үзүүлж, ажилд оруулсан ажлын байрны дадлагажуулагч Б.Батцэцэгтэй бид бас ярилцсан. Тэрбээр Ховд аймгийн харьяат. ХИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Одоо хөгжлийн бэрхшээлтэй, ялангуяа оюуны бэрхшээлтэй иргэдийг бие даан ажил хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг голлон хийж байна.

Түүний хөгжлийн бэрхшээлийн салбарт орж ажилласан нь Г.Ариун, Ч.Эрдэнэчулуун нартай  салшгүй холбоотой гэж Б.Батцэцэг дурссан. 2016 оноос дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах сайн дурын ажил хийдэг байсан түүнийг “Монголын Дауны Холбоо” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг Ч.Эрдэнэчулуун холбооныхоо гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэн өгснөөр энэ салбартай салшгүй холбоотой нэгэн болох эхлэл тавигджээ.  2018-2020 оны хооронд тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа даунтай залуусын хөдөлмөр эрхлэлтийн төв болох  кофе шопыг байгуулсан.

Тус кофе шопыг дауны хам шинжтэй залуусыг ажил хөдөлмөрт бэлтгэх, нийгмийн харилцаанд оруулж тэднийг ажлын байртай болгох ирээдүйн боломжуудыг нь нээж өгөх зорилгоор Японы Мицүбиши сангийн буцалтгүй тусламжаар байгуулсан байна. “Монголын Дауны Холбоо” нь Шангрилла зочид буудалтай хамтран ажилладаг бөгөөд тус зочид буудлын рестораны мэргэжлийн баристаг урьж авчирч, эхлээд ээжүүдэд кофе бэлтгэх, сэндвич хэрхэн хийхийг зааж сурган, дараа нь ээжүүд өөрсдөө дауны бэрхшээлтэй хүүхэд залууст заах байдлаар үйл ажиллагаагаа явуулж байжээ.

зураг
 
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/-ийн хүрээнд ААНБ-уудын удирдлага, хүний нөөцийн ажилтнуудад зориулсан хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сургалтын зохион байгуулагчид болон оролцогчид. /зургийг АБД Б.Батцэцэгийн хувийн архиваас авав/.

Б.Батцэцэг дадлагажуулагч 2021 оны 9-р сард DPUB2 төслийн зохион байгуулсан “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-д хамрагдаж, түүнээс хойш ажлын байрны дадлагажуулагчаар, мөн ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургагч багшаар ажиллаж байгаа юм. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд ААНБ-уудын хандлага, ойлголт маш чухал нөлөөтэй болохыг олж харж, энэ тал дээр ч идэвх санаачилгатай ажилладаг.

2023 оны 10-р сард НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/-ийн хүрээнд ААНБ-уудын удирдлага, хүний нөөцийн ажилтнуудыг хамруулан, хөгжлийн бэрхшээлийн төрөл, онцлог болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар төр болон төрийн бус байгууллагын зарим гишүүдийн хамт сургалт, өдөрлөгийг зохион байгуулсан байна. Улмаар тус сургалт, өдөрлөгт оролцсон хүний нөөцийн дарга, менежерүүдтэй хамтран ажиллаж, О.Энхманлайгаас гадна хэд хэдэн хөгжлийн бэрхшээлтэй залуусыг ажилд оруулжээ. Мөн 2024 оны 2-р сард давтан сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэд ажиллахад ээлтэй экосистем бүрдүүлэх зорилготой  “Тэгш Хүртээмжтэй Ажлын Байр” санаачилгыг АПУ ХК-тай хамтран хэрэгжүүлж байна.

зураг
 
Б.Батцэцэг дадлагажуулагч /баруун гар тал/ болон түүний дунд охин Б.Ялгуун /зүүн гар тал/ нар. /зургийг Б.Батцэцэгийн хувийн архиваас авав/

Б.Батцэцэг дадлагажуулагч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын төлөө бүхий л зүйлээ зориулан ажиллах болсонд нэгэн шалтгаан бий. Түүний нөхөр Э.Батзаяа зураач мэргэжилтэй бөгөөд тэд 3 сайхан охинтой. Дунд охин Б.Ялгуун даунтай төрсөн. Б.Батцэцэг, Э.Батзаяа нар 3 охидоо өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр мод тарих, ойжуулалтын ажил хийдэг  ажилсаг, бүтээлч гэр бүл юм.

2019 оноос Монгол улсад тэгш хамруулан сургах боловсрол хэрэгжиж эхэлснээр оюуны бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд суралцах эрх зүйн боломжтой болсон. Энэ жил 10 нас хүрэх Б.Ялгуун охин энэ дагуу энгийн хүүхдүүдтэй хамт суралцаж байна. Гэвч хууль тогтоомж, тогтолцоо өөрчлөгдсөн ч сургууль, багш нарын зүгээс дауны бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн харилцах, ямар арга барилаар заахаа мэдэхгүй, мөн тэгш хамрагдан суралцаж байгаа ХБ-тэй сурагчид сэргээн засах үйлчилгээгээ хаанаас, яаж авах вэ гэхчлэн тогтолцооны асуудлууд байсаар байгааг тэрбээр ярьж байв. Иймээс охиныхоо ирээдүйд, бие даан амьдрахад санаа зовниж явдгаа ч мөн хэлэв.

зураг
 
Б.Батцэцэг дадлагажуулагч болон охин Б.Ялгуун нар /зургийг хувийн архиваас авав/.

“Эгч, дүү хоёрт нь Ялгуун охиноо даатгах бодол  бас байхгүй” гээд, “Гурван охиноо урт удаан, эвтэй найртай амьдраасай гэж хүсдэг. Гэхдээ Ялгууны төлөө эгч, дүү хоёр нь ямар нэгэн байдлаар золиос гаргахыг бас хүсэхгүй байна. Бүгд өөр, өөрийн хүссэн зүйлээ хийж амьдраасай л гэж боддог. Тийм учраас оюуны бэрхшээлтэй иргэдийн “Дэмжлэгтэй бие даан амьдрах төв” байгуулах зэрэг төрийн зүгээс хийж, хэрэгжүүлэх шаардлагатай зүйлүүд олон байна” гэж нэмж хэлэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхэд чин сэтгэл, зүтгэл гаргаж яваа Б.Батцэцэг дадлагажуулагч өөрийн охин  болон охинтой нь ижил бэрхшээлтэй хүүхэд, залуус ирээдүйд санаа зовох зүйлгүй бие даан ажиллаж, амьдрахын зэрэгцээ ах эгч дүүстээ тустай дэмтэй, нийгэмдээ тэгш оролцох боломжтой нийгмийг, тийм ирээдүйг бүтээх юм сан гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн оюуны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн төлөө ажиллаж, мөрөөдлөө биелүүлэхээр эхнээс нь ажил хэрэг болгож явна.

Ажил хөдөлмөр эрхлэхийн ач холбогдол

зураг
 
О.Энхманлай ажлаа маш нямбай хийж гүйцэтгэдэг. /зургийг 2024 оны 3-р сард авав/

Коронагийн дараах эдийн засаг аажмаар сэргэж буй Монгол улсад хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн дутагдал ч нэмэгдэж, үүнээс үүдэж ААНБ-ууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүний нөөцийг бүрдүүлэх томоохон хэсэг гэж үзэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хандлага ажиглагдаж байна.

Б.Батцэцэг дадлагажуулагчийн ярьснаар хөгжлийн бэрхшээлийн төрлөөс шалтгаалан ажилд орох магадлал харилцан адилгүй бөгөөд албан бус тоогоор ажил олгогчид 350 ажлын байрны санал ирүүлсний 290-д нь сонсголын бэрхшээлтэй ажилтан авах сонирхолтой байдаг гэнэ. “Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хийх ажлаа ойлгоод сурчихвал олон зүйлд сатааралгүй, маш сайн төвлөрч ажиллаж чаддаг учраас өндөр бүтээмжтэй байдаг. Гэхдээ ажлын байрны дадлагажуулагч нар бид байгууллагын удирдлага, хүний нөөцийн ажилтнуудад бүх төрлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэгш хамруулан ажиллуулах тал дээр нөлөөлж, тэдний хандлага, ойлголтыг сайжруулах, ажлын байрны үнэлгээг хийж хамтран ажиллах шаардлагатай” хэмээн Б.Батцэцэг дадлагажуулагч ярианыхаа төгсгөлд хэлсэн юм.

Пицца Хат нь Таван богд группийн харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шинэ ажилтнуудыг группийн хүний нөөцийн алба хариуцан ярилцлага авч томилдог. “Юнеско” салбарын А.Нямхүү менежер “Би хэдийгээр ажилд авах процессод оролцдоггүй ч хэрвээ дахиад хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажилд авбал яг л Энхманлай ах шиг ажилсаг, ямар ч зүйлийг сэтгэлээсээ хийдэг хүн аваасай гэж боддог. Бас бидний зүгээс Пицца Хат-д ажилд орсондоо сэтгэл хангалуун байж, тогтвортой ажиллах тал дээр нь дэмжин ажиллах болно” гээд О.Энхманлайгаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хамтарч ажиллахад ямар нэг хүндрэл бэрхшээл байхгүй болохыг ойлгож мэдсэн гэдгээ ч хэлсэн юм.

О.Энхманлай нь бага ангидаа сургуулиас гарч, дахин сургуульд хамрагдаж чадалгүй, ихэнх цагаа гэртээ юм уу ээждээ тусалж өнгөрөөдөг байсан. DPUB2 төслийн бэлтгэсэн ажлын байрны дадлагажуулагч Б.Батцэцэг түүнд дэмжлэг үзүүлэн ажилд оруулснаар одоо өдөр бүр ажилдаа урам зоригтой явж, өөрийгөө нээн, нийгэмд үлгэр дуурайлал болон ажиллаж, амьдарч байна. Үүнээс харахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн харилцаанд орж, ажил хөдөлмөр эрхлэх нь хувь хүнд төдийгүй тухайн хүний гэр бүлд, цаашлаад нийгэмд ямар их ач холбогдолтой болох нь харагдаж байна. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тогтвор суурьшилтай ажиллахад орчны тохируулга, биет дэмжлэгээс гадна чин сэтгэл маш чухал гэдгийг Б.Батцэцэг дадлагажуулагчийн жишээнээс харж болно.

Монголын хүүхэд залуусаас эхлээд бүхий л насны хүмүүс үйлчлүүлэх дуртай газруудын нэг бол яах аргагүй Пицца Хат юм. Тус брэнд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг идэвхтэй дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашид ч нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх тал дээр олон зүйлийг санаачилж, ажлын байрны дадлагажуулагч нартай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

【Байгууллагын мэдээлэл】

Байгууллагын нэр

“Таван Богд Фүүдс Пицца” ХХК буюу “Pizza Hut” брэнд

Үйл ажиллагааны чиглэл

Пицца Хат брендийн салбаруудын үйл ажиллагаа

Ажилтны тоо / Компанийн хэмжээнд /

700 гаруй ажилтан /2024 оны 7-р сарын байдлаар/

Ажилтны тоо /Юнеско салбар/

35 ажилтан /2024 оны 7-р сарын байдлаар/

ХБ-тэй ажилтны тоо /Компанийн хэмжээнд/

21 ажилтан /2024 оны 7-р сарын байдлаар/

ХБ-тэй ажилтны тоо /Юнеско салбар/

1 ажилтан /2024 оны 7-р сарын байдлаар/

ХБИ ажилд авах болсон шалтгаан

・Салбар тус бүрд 2 хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажиллуулахаар квот тогтоон ажиллаж байгаа нь тус компанийн хуулийн хэрэгжилтээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй онцлох ажил юм. 

・DPUB2 төслийн үйл ажиллагааны хүрээнд бэлтгэгдсэн ажлын байрны дадлагажуулагчтай хамтран ажилласан.

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

・ХБ-тэй ажилтныг гэрт нь ойр салбарт томилсон.

・Бэрхшээлд нь тохирсон ажилд томилдог. Жишээлбэл, “Пицца Хат”-ын ажилтнууд цэвэрлэгээ, зуурмаг, гал тогоо, захиалга, тооцоо гэсэн дарааллаар бүхий л ажлыг суралцаж хийдэг. Харин сонсголын бэрхшээлтэй ажилтны хувьд үйлчлүүлэгчидтэй харилцах болон төлбөр тооцооны хэсэгт ажиллуулдаггүй. Мөн ажлын цагийн хувьд шөнийн ээлжид ажиллуулдаггүй.

・Сонсголын бэрхшээлтэй ажилтныг дохионы хэл мэддэг менежертэй салбарт ажиллуулж, ажлын чиглэл зааварчилгааг хийлгэсэн.

・ХБ-тэй ажилтныхаа гэр бүлийнхэнтэй байнга хамтран ажилладаг.

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222