Уншиж байна ...

Хүүхдийн тэтгэмж төлөхгүйн тулд өөрийгөө хуурамчаар үхүүлсэн хакер АНУ-ын хуулиар шийтгүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Кентаки мужийн иргэн хүүхдийн тэтгэмж төлөхөөс зайлсхийх зорилгоор нас барагсдын мэдээллийн санд хууль бусаар халдаж, өөрийгөө хуурамчаар үхүүлсэн хэрэгт шийтгүүлжээ.

39 настай Жэсс Киф энэ хэрэгтээ шүүхээс 81 сарын хорих ял сонссон байна.

Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сард Хавай мужийн нас барсан иргэдийн бүртгэлийн системд зайнаас нэвтэрч, өөрийн “үхлийг” бүртгүүлснээ шалгалтын явцад хүлээн зөвшөөрчээ.

Ингэхдээ тэр эмчийн тоон гарын үсгийг ашиглан өөртөө бүртгэл үүсгэх эрх олж авсан байна.

Киф төлөөгүй хуримтлагдсан хүүхдийн тэтгэмж нь $100,000 давсан тул ийм арга хэрэглэх болсноо мөрдөгчдөд мэдүүлжээ.

Тэр бас энэ аргаараа АНУ-ын бусад мужуудын иргэний бүртгэлийн мэдээллийн санд халдаж, хулгайлсан мэдээллээ darknet сүлжээгээр бусдад зарсан нь тогтоогдсон байна.

Darknet нь тусгай программын тусламжтай нэвтэрдэг хууль бус наймааны онлайн хар зах юм.

АНУ-ын холбооны хуулийн дагуу Киф хорих ялын хугацааныхаа 85 хувийг заавал биеэр эдэлж, суллагдсаныхаа дараа гурван жил хуулийн байгууллагын хяналтад байхаар болжээ.

Түүний хүүхдийн төлөөгүй тэтгэмжийн хэмжээ, төрийн байгууллагуудын компьютерын системд учруулсан хохирлын хэмжээ нийлээд $195,758.65 болсон байна.

 

Эх сурвалж: BBC