Уншиж байна ...

Австрали улс Сингапурт эрчим хүч экспортлох зорилгоор $19 тэрбумын өртөгтэй нарны эх үүсгүүрийн төсөл эхлүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Австрали улсын эрх баригчид $19 тэрбумын өртөгтэй нарны эрчим хүчний эх үүсгүүр байгуулах төсөлд байгаль орчны зөвшөөрөл өгснөөр эхлэх боломжтой болжээ.

Австрали-Азийн Эрчим Хүчний Сүлжээ нэртэй уг үүсгүүр 6ГВатт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд үүнийхээ гуравны нэгийг далайн усан доогуур татсан кабелаар Сингапур улсад экспортлох юм.

2030-аад оны эхээр ашиглалтад орсноор Сингапурын нийт эрчим хүчний хэрэглээний 15 хүртэл хувийг хангах боломжтой болохыг төслийг хэрэгжүүлэгч SunCable компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Майк Кэннон-Брүүкс ярьжээ.

зураг
 

Австралийн алс хязгаар Умард Бүс нутагт 12,000 гектар талбай эзлэн байгуулагдах нарны эрчим хүчний үүсгүүр 14,300 ажлын байр бий болгож, Австрали улсыг “сэргээгдэх эрчим хүчний их гүрэн” болгох ач холбогдолтойг тус улсын байгаль орчны сайд Таня Плиберсек онцолсон байна.

Тэр бас үүнийг дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц болохыг баталжээ.

Гэхдээ SunCable компани төслийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн байгаль орчинд болон ховордсон ан амьтдад хор хөнөөл учруулахгүй байх хатуу үүрэг хүлээснийг Плиберсек сайд хэлсэн байна.

Эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс, байгалийн хий болдог Австралид хүлэмжийн хийг хязгаарлах асуудал улс төрийн эмзэг сэдэв болдог.

Эрх баригч болон сөрөг хүчний намуудын аль аль нь 2050 онд хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийг тэнцвэржүүлэх зорилго дээр санал нэгддэг ч хэрхэн хүрэх арга зам дээр санал нийлдэггүй.

Энэ оны зургаадугаар сард сөрөг хүчний Либерал нам тус улсын анхны цөмийн цахилгаан станц байгуулах саналыг дэвшүүлсэн ч эрх баригч Хөдөлмөрийн намын ерөнхий сайд Энтони Албаниз татгалзаж байв.

 

Эх сурвалж: Aljazeera