Уншиж байна ...

Үргэлжлэн шатаж буй их түймрийг унтраахын тулд Оросын санваартнууд гал сөнөөгчдийн техник хэрэгслийг адисалжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сарын 18-ны өдөр Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын Ростов мужийн нутаг дэвсгэрт оршдог Пролетарск газрын тосны нөөцийн байгууламжид довтолсон юм.

Эндээс Оросын армийн нисэх онгоцнуудыг түлшээр хангадаг.

Мужийн захирагч Василий Голубевын мэдээлснээр агаарын довтолгооноос хамгаалах систем бүх дроныг устгаж чаджээ. Гэвч унасан дроны сэг дизель түлшний нөөцийн саванд унаснаас асар том гал түймэр гарсан байна.

Нийт 74 нөөцийн савны 20 орчим нь энэхүү түймэрт автжээ. Газрын тосны байгууламж дээр 500 гаруй гал сөнөөгч сүүлийн хэд хоног тасралтгүй ажиллаж байгаа ч унтрааж чадахгүй байгаа юм.

Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт орон нутгийн үнэн алдартны шашны санваартнууд гал унтраахад дэмжлэг үзүүлэхээр иржээ.

Тэд гал сөнөөгчдийн автомашин, тоног төхөөрөмжүүдийг адисалж, галын бурхны хөргийг залж авчирсан байна.

зураг
 

Орон нутгийн эрх баригчид нөөцийн байгууламжийн ойролцоо хот, суурин газруудад онц байдал зарлаад байгаа. Гэхдээ түймэр иргэдийн суурьшлын бүсэд тарах аюул бараг байхгүй гэж тэд үзэж байна.

Гал сөнөөгчдийн 41 нь түлэгдэж, гэмтсэнээс тав нь эмнэлэгт хүргэгдсэнийг захирагч Голубев өчигдөр мэдээлжээ.

2022 оны хоёрдугаар сард эхэлсэн дайны турш Украины зэвсэгт хүчин ОХУ-ын нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоцоор байнга довтолж байгаа. Ингэхдээ тэд газрын тосны үйлдвэр, агуулахууд болон нисэх хүчний агаарын баазуудыг голлон онилж байна.

 

Эх сурвалж: BBC