Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Наадмын бэлтгэлийн үеэр гэмтэл авч, энгийн эмийн жороор эмчлүүлснээс допингийн шинжилгээний хариу хэвийн бус гарсан"

Б.Манлай
2024 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага(МОНАДА) Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 48 тамирчнаас допингийн шинжилгээ авч ХБНГУ-ын Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтэд шинжлүүлэхэд аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн.

Харин улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хариу иржээ хэмээн ХЗДХЯ-наас мэдээлж байв.

Улсын харцага Г.Ганхуяг хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон гэх асуудалд тайлбар гаргажээ.

Тэрбээр "Миний бие Үндэсний их баяр наадмын бэлтгэлийн үеэр хүзүү толгойдоо гэмтэл авч, мэдрэлийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж, тархины доргилт, хаван гэж оношлогдсон. Тиймээс эмчийн зөвлөсний дагуу энгийн эмийн жороор эмчилгээ хийлгүүлсэн.

Улмаар 2024 оны долдугаар сарын 12-ны өдөр өгсөн допингийн шинжилгээний хариу “Хэвийн бус шинжилгээний илэрц” гэж тогтоогдсон бөгөөд Ацетазоламид элемент 18ng/mL хэмжээтэй илэрсэн юм.

Хэвийн бус илэрц гэдэг нь WADA-н дүрэмд олимпын төрлийн жингийн ангилалттай спортын тамирчин жин хасах зорилгоор тухайн элемент 20ng/mL доош буюу маш бага хэмжээтэй хэрэглэсэн байж болзошгүй тохиолдлыг хэлдэг байна.

Тус бодис үйлчилгээ нь хаван хөөх, шингэн гадагшлуулах бөгөөд хоёр шалтгаанаар тухайн тамирчин өөртөө давуу байдал үүсгэх зорилгоор хэрэглэх боломжтой гэж үзэн WADA-н хориотой бодисын жагсаалтад оруулжээ.

Үндэсний бөх нь олимпын болон жингийн ангилалтай спортын төрөлд хамаардаггүй, нас, жин, өндөр хязгаарладаггүй тул эцсийн шийдвэрийг гаргах дотоодын эрх бүхий байгууллагууд миний энэ асуудлыг сайтар нягталж, шийдвэрлэнэ гэж итгэж байна.

Эцсийн шийдвэр гарах хүртэл бөхөд хайртай ард түмэн, дэмжигчид та бүхэн маань аливаа мэдээлэлд ул суурьтай хандахыг хүсье" гэжээ.