Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Араб үзэгчид үймээн дэгдээснээр олимпын тоглолтыг хоосон цэнгэлдэхэд үргэлжлүүлжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Reuters

Өчигдөр эхэлсэн олимпын хөлбөмбөгийн тэмцээн дуулианаар дүүрэн өндөрлөв. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны чансаагаар тэргүүлж буй аргентинчууд хэсгийн эхний тоглолтод Мароккод 1:2-оор хожигдсон юм.

Гэхдээ уг тоглолт бүтэн дөрвөн цаг үргэлжилсэн. Эхний хоёр гоолыг оруулсан мароккочууд энэ үр дүнгээ хадгалахаар хэт их цаг барьж байсан тул швед шүүгч Глэн Ниберг 15 минут сунгасан. Улмаар цаг сунгасан сүүлчийн хоромд "Бока Хуниорс"-т хүчин зүтгэдэг Кристиан Медина тэнцээний гоол оруулсан нь араб үзэгчдийг бухимдуулав.

Уурссан Мароккогийн фанатууд талбай руу гүйн гарч, үзэгчдийн суудалд байгаа хэд нь гартаа тааралдсан болгоноо талбай руу чулуудсан тул шүүгч тоглолтыг зогсоов.

Ингээд цэнгэлдэхээс бүх үзэгчдийг гарсны дараа тоглолтыг үргэлжлүүлэхээр болсон аж.

Улмаар К.Мединагийн гоолыг VAR-аар хянасныхаа дараа отонд орсон гэж үзсэн тул тооцсонгүй. Үүний дараа тоглолтыг гурван минут үргэлжлүүлээд албан ёсоор дуусгажээ.

зураг
 
зураг
 
зураг
 

Тоглолтын дараа ч дуулиан намжсангүй. Аргентины хөгжөөн дэмжигчид Мароккогийн багийн лидер, өнгөрсөн хавар хүчингийн хэрэгт холбогдсон Ашраф Хакимигийн Instagram постны дор сармагчны дүрс бүхий эможи үлдээж, “хар”, “хүчиндэгч” гэх зэргээр доромжилсон сэтгэгдэл бичсэн аж.

Opta-гийн гаргасан судалгаагаар тоглолт 110 минут үргэлжилсэн ч бөмбөг талбайд байсан хугацааг 54 минут болохыг тогтоосон. Харьцуулбал саяхан өндөрлөсөн "Евро 2024" тэмцээний үеэр бөмбөг талбайд дунджаар 60 минут руу дөхөж байв.

 

Эх сурвалж: ESPN