Уншиж байна ...

2024 оны PUBG MOBILE World Cup-д Монголын тамирчид тодоор гялалзана

ikon.mn
2024 оны 7 сарын 18
ikon.mn
Зураг зураг

Монголын PUBG MOBILE-ийн 4Merical Vibes, Falcons Force, IHC гэсэн гурван баг 3 сая ам.долларын шагналын сантай PUBG MOBILE World Cup 2024 (PMWC) тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна.

Монголын и-спортын салбарын чансаа сүүлийн үед тасралтгүй өсөж байгаа билээ. Жишээ нь, энэ оны тавдугаар сарын 22-оос зургаадугаар сарын 15-ны өдрүүдэд Азийн шилдэг багуудын өрсөлдсөн 200,000 ам.долларын шагналын сантай 2024 PUBG MOBILE Super League - Central and South Asia Spring (PMSL CSA Spring) тэмцээнийг дурлаж болно. PMSL CSA тэмцээн үүд хаалгаа илүү олон багуудад нээж эхэлснээр Монгол Улс PUBG MOBILE-ийн Төв азийн экосистемийн албан ёсны хэсэг болсон билээ.

Тус тэмцээний 1-р байрт Монгол Улсын 4Merical Vibes баг үнэмлэхүй шалгарсан. Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын баг тамирчид бүгд өндөр амжилт үзүүлж, 2-р байрт Falcons Force, 4-р байрт IHC баг тус тус орсон билээ. Ийнхүү энэхүү тэмцээнд оролцсон таван монгол багийн гурав нь Дэлхийн аваргыг шалгаруулах PUBG MOBILE World Cup-ийн эрхээ авсан юм.

"ZEUS" нэрээрээ олонд танигдсан IHC бол Монголын анхдагч бөгөөд хамгийн туршлагатай багуудын нэгт зүй ёсоор тооцогддог. Тэд 2020 оны PMCO Wild Card-д оролцож, аваргалснаар 2020 оны PUBG MOBILE Global Championship-ийн эрхээ авсан түүхтэй. Түүнээс гурван жилийн дараа 2023 оны PUBG MOBILE Global Championship буюу Дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж, тус тоглоомд Монгол Улс ноёрхлоо тогтоосон гэж хэлж болно. Тэрхүү тэмцээнд 4-р байрт орсон 4Merical Vibes баг 2023 оны PUBG MOBILE Pro League - South Asia Fall тэмцээнд түрүүлсэн юм. Харин Саудын Арабын хөрөнгө оруулалттай Falcons Force баг нь Stalwart Esports багаас Монголын шилдэг тоглогчдыг авч, энэ жилийн PUBG MOBILE Global Open, PMSL CSA тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлээд байна.

Эдгээр гурван баг 2024 оны PUBG MOBILE World Cup тэмцээндээ оролцоход бэлэн болжээ. Багуудын чансаа, үзэгчдийн хэмжээ нь Монгол Улс дэлхийн и-спортод өндөр нөлөөтэйг батлан харуулж буй. Монгол багуудын хувьд 2024 оны PUBG MOBILE World Cup тэмцээн бол ур чадвараа батлан харуулах талбар юм.

Ур чадвар, хичээл зүтгэлтэй тамирчидтай Монгол Улс PUBG MOBILE-ийн төрлөөр дэлхийд тэргүүлж, тус улс дэлхийн анхааралд өртөөд буй. Ирээдүйн спорт гэгдэх PUBG MOBILE нь 2022 оны Азийн наадамд албан ёсоор орсон нь тус тоглоомын цар хүрээ болон и-спортын нөлөөг тодотгон харуулсан үйл явдал болсон билээ.

PUBG MOBILE World Cup 2024 тэмцээнд оролцох эдгээр багуудын мэдээллийг авахыг хүсвэл дараах албан ёсны хуудсыг дагаарай.

  Facebook: PUBGMOBILE.MONGOLIA.OFFICIAL
  Instagram: pubgmobile.mongolia
  YouTube: PUBGMOBILEMongol

PUBG MOBILE-ийн тухай

2017 онд PLAYERUNKNOWN’S BATTLEGROUNDS тоглоом дээр суурилсан PUBG MOBILE тоглоом энтертайнмент салбарт цахиур хагалан гарч ирсэн түүхтэй. Арал дээр 100 тоглогч нэгэн зэрэг бууж, хамгийн сүүлд үлдсэн нь ялагч болдог дүрэмтэй. Тоглогчид зэвсэг цуглуулж, автомашин унаж, тоногоо нэмэгдүүлэх замаар бусад тоглогчдыг ялах ёстой. Энэхүү тоглоом нь мэргэжлийн түвшний олон уралдаан тэмцээнтэй, өндөр шагналын сантай, олон оролцогч багтай гэдгээрээ онцлог.

Facebook, Twitter, YouTube дээр PUBG MOBILE-ийн хуудсаар зочилж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.