Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нарны аймгийн гадна илэрч байгаагүй молекулыг харь гарагаас илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нарны аймагт ойрхон оршдог Бархасбадийн хэмжээтэй гараг олон жилийн өмнөөс судлаачдын анхаарлыг татаж байсан юм.

Ойрхон оршдог гэдэг утгаараа хамгийн сайн судлагдсан харь гарагт тооцогддог байв.

Тэгвэл саяхан эрдэмтэд James Webb Space Telescope (JWST) дуранг ашиглан HD 189733b хэмээх нэртэй уг гарагийн талаар илүү их зүйлийг мэдэж авснаа Даваа гарагт Nature сэтгүүлд нийтлүүлжээ.

Тухайлбал HD 189733b гарагийн атмосферээс урьд өмнө нарны аймгийн гадна огт илэрч байгаагүй хүхэрт устөрөгчийн (hydrogen sulfide) молекул илрүүлсэн байна.

Энэ нь ялзарсан өндөгнөөс ялгардагтай адил хүхрийн хурц үнэртэй, өнгөгүй хий юм.

Эрдэмтэд HD 189733b гарагийг анх 2005 онд нээж байжээ. Нарны аймгийн хамгийн том гараг Бархасбадитай ижил бүтэцтэй хийн гараг тул “халуун Бархасбадь” хэмээн нэрлэж байв.

Дэлхийгээс 64 гэрлийн жилийн зайд оршдог уг гарагийн хэмжээ Бархасбадь гарагийнхаас 10 хувиар илүү. Буд гараг ба нарны хоорондын зайнаас 13 дахин бага зайд өөрийн одыг тойрон эргэдэг тул маш халуун гараг юм. “Халуун” гэж нэрлэсний учир энэ юм байна.

Дундаж температур нь Цельсийн 926 хэм хүрдэг бөгөөд шил хэлбэрийн силикатын ширхгүүдээр тэнгэрээс нь байнга бороо асгарч байдаг ажээ.

“Хүхэрт устөрөгч бол агаар мандал дахь хүхрийн хийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Өндөр нарийвчлалтай, хэт улаан туяа бүртгэх чадвартай JWST дурангийн тусламжтай анх удаа харь гарагийн агаар мандлаас хүхэрт устөрөгчийн молекулыг илрүүлсэн нь судалгааны шинэ цонхыг нээж байна. Энэ нь бидэнд харь гараг юунаас бүтсэн, хэрхэн бий болсныг ойлгоход тус болох юм” гэж судалгааг ахалсан Жон Хопкинсийн Их сургуулийн астрофизикч Гуанвэй Фү бичсэн байна.

Үүнээс гадна судлаачид HD 189733b гарагийн агаар мандлаас ус, нүүрстөрөгчийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн молекулыг илрүүлжээ.

2021 оны арванхоёрдугаар сард дэлхийгээс хөөрсөн JWST нь дэлхийн тойрог замд байрлаж буй хамгийн том телескоп юм.

Өмнө нь ашиглагдаж байсан Hubble Space Telescope-ийг илүү өндөр нарийвчлал, өндөр мэдрэмжтэй JWST залгамжилснаар сансрын уудмыг судлах ажилд томоохон дэвшил гарсан байна.

 

Эх сурвалж: CNN