Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наранхүү: Хурдан мориноос унаж гэмтсэн тохиолдолд бариачид үзүүлэлгүй, яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөе

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ. 

Тухайлбал өнгөрсөн оны долдугаар сард ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт нийт 15,588 хүн хандаж, тусламж үйлчилгээ авчээ.

Үүнээс

  • эрэгтэй 9,098
  • эмэгтэй 6,490
  • 0-18 насны 6,512 хүүхэд тус тус осол гэмтлийн улмаас ханджээ. 

Баярын үеэр хүүхэд мориноос унаж гэмтэх, зам тээврийн осолд өртөх эрсдэл нэмэгддэг тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Наранхүү өгч байна. 



Тэрбээр хэлэхдээ "Урин дулаан цаг ирж, баяр наадам тохиож буй өдрүүдэд осол гэмтлийн тоо эрс нэмэгдэх хандлагатай байдаг. 

Иргэд аялал зугаалгад гарахтай зэрэгцэн зам тээврийн ослын эрсдэл мөн өсдөг. Он гарснаас хойш ГССҮТ-д 86,000 орчим осол гэмтэл бүртгэгдсэн байна. 

Үүний 40-50 хувь буюу 36,700 орчмыг хүүхэд өртсөн осол эзэлж байгаа юм. Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт дутагдсаны улмаас 

  • Өндрөөс унаж гэмтэх
  • Зам тээврийн осолд өртөх
  • Мориноос унах
  • Моринд чирэгдэх болон бусад ахуйн хүрээний осол нэмэгдэж болзошгүй" хэмээв. 

Мөн "Хурдан мориноос унаж гэмтсэн тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж авахгүйгээр бариачид үзүүлэх үзэгдэл гарч буй.  

Энэ тохиолдолд хугарал тогтворгүй явж байгаад зөрөх аюултай. Ингэснээр судас гэмтэх, зөөлөн эдэд нөлөөлөх, хаван хавдар нэмэгдэж, бүр цаашилбал хөл, гаргүй болох эрсдэлтэй.

Мөн тархи толгойн гэмтэлтэй үед бариачаар явдаг. Үүнтэй холбоотойгоор тархины гэмтэл хүндрэх асуудал элбэг. Тиймээс мориноос унаж гэмтсэн тохиолдолд мөчийг хөдөлгөөнгүй болгож бэхлээд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөе. 

Хугацаа алдах тусам хаван хавдар нэмэгдэж улам хүндрэх аюултай.

Одоогийн байдлаар мориноос унаж гэмтсэний улмаас манай Хүүхдийн хүлээн авах тасагт хоёр хүүхэд ирсэн байгаа" гэж анхаарууллаа.