Уншиж байна ...

Х.Тэмүүжин: Төрийн ордноос Засгийн газрыг гаргана гэдэгт итгэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Анхдугаар чуулганаар 126 гишүүнээс 121 нь парламентыг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан удирдуулахаар сонгоод буй.

Санал хураалт явуулж, түүнийг сонгосны дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санал хэлсэн юм.

Тэрбээр "Парламент болгон өөрийнхөө зохион байгуулалтыг өөрөө бий болгож байх ёстой. Харамсалтай нь энэ удаагийн парламентыг дөрвөн жилд хэн удирдах вэ гэдгийг ямар ч хэлэлцүүлэггүйгээр гар өргөхөөр хуульдаа оруулсан юм байна. УИХ-ын даргад хандаж таван зүйлийг хэлье.

УИХ-ын дарга бол парламентат ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн гол багана. Энэ удаагийн парламентад УИХ-ын даргыг 126 гишүүний нэг байлгах зарчим руу шилжих ёстой гэж бодож байна.

УИХ-ын дарга ҮАБЗ-д орж, парламентаас гадуур эрх мэдэл эдэлдгийг зогсоох ёстой байх. ҮАБЗ-ийг Ерөнхийлөгчөөр удирдуулж, Засгийн газрын гүйцэтгэх чиглэлийн байгууллагууд болон парламентаас Хууль зүйн Байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооноос төлөөлөл оруулах хэрэгтэй. Энэ асуудлаар зоригтой шийдвэр гаргана гэж найдаж байна.

Тусгай хяналтын дэд хороотой чиг үүргийг сайжруулахгүй бол Монгол Улсын иргэн рүү халдаж байгаа тагнуул, цагдаа зэрэг байгууллагын гүйцэтгэх ажил гадаад бодлогын асуудал шиг гадуур өнгөрдөг болсон байна. Тиймээс энэ удаагийн УИХ үнэхээр хүний эрхийн талд зогсъё гэж байгаа бол иргэний үндсэн эрх рүү халддаг үйл ажиллагааг хянах хэмжээний чиг үүргийг Хууль зүйн Байнгын хороо шилжүүлэх ажлыг эхлүүлээрэй.

Парламентын засаглал бүхий ардчилсан улс гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдож, нэг байшинд байдаггүй. Тиймээс Төрийн ордноос Засгийн газрыг гаргана гэдэгт итгэж байна.

Эвслийн Засгийн газар байгуулагдах үг яриа албан бусаар гараад байх шиг байна. Ийм тохиолдолд парламент суларна. Парламентын хяналтыг сайжруулах зорилгоор аудит, ХЭҮК, ТАЗ зэрэг байгууллагыг гүйцэтгэх мэдлээс ангид болгох ёстой.

Авлигатай тэмцэх үйл явцыг парламентаас тэргүүлэх ёстой. Ингэхийн тулд энэ удаагийн парламент илүү цэвэр манлайллыг үзүүлээсэй гэж хүсэж байна" гэж ярилаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1965968383820907/