Уншиж байна ...

Н.Номтойбаяр: Үндэсний эвсэлд хамтрах урилга ирээгүй. МАН дангаараа Засгийн газар байгуулах ёстой

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинээр сонгогдсон УИХ-ын 126 гишүүний тангараг өргөх ёслол Төрийн ордонд боллоо.

Тус ёслолын үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар хэвлэлийн байгууллагуудад мэдээлэл мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Ард иргэд сонголтоо МАН-д өгсөн. МАН дангаараа засгаа байгуулах ёстой гэж үзэж байна. Бидэнд ямар нэгэн хамтрах урилга ирээгүй. Дөрвөн жилийн хугацаа байна, харна. Ямар ч нөхцөлд Үндэсний эвсэл хуулийн зөрчил, элдэв хулгайтай хатуу тэмцэх болно. 

Иргэд, сонгогчид Үндэсний эвслийг УИХ-д байх ёстой улс төрийн хүчин гэж үзсэн. Би МАН-аас гурвантаа хөөгдсөн хүн. Дахин тийшээ зүглээд байх сэтгэл алга.

Миний өнгөрсөн 12 жилийн улс төр ямар нэгэн байдлаар хувийн эрх ашиг хөөцөлдөж яваагүй гэдгийг нотолдог. Ашиг сонирхлын зөрчил үүсэх санал хураалтад би оролцдоггүй. 

Өнгөрсөн УИХ-аар сонсгол нэртэй нүглийн нүдийг гурилаар хуурах дайны юм болсон. Дийлэнх олонхоороо байсан МАН-ын хувьд хавтсыг нь харуулаад хуудас руу орж чадахгүй хаасан. Сонсгол нэртэй олон асуудлыг эргээд сөхнө.

Намрын чуулган эхлэхэд Үндэсний эвсэл хяналтын байр сууринаас үйл ажиллагаагаа явуулна. Төлөвлөсөн ажлууд байгаа. 

Ерөнхийлөгч намын дарга нартай уулзахдаа дотоодод улс төржилтөөс үүсээд буй асуудалд цэг тавихыг хүссэн. Мөн гадаад бодлогыг илэрхийлэгч ерөнхийлөгч хүний хувьд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн" гэв. 

Үргэлжлүүлэн сэтгүүлчид түүнээс ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй эвлэрсэн үү гэж асуухад тэрбээр "Өнгөрсөн улс төрийн он жилүүдэд У.Хүрэлсүх ерөнхийлөгчтэй зарчмын зөрүүтэй байр суурь, үл ойлголцлууд маш их болж байсан. Үүнийг нуугаад байх зүйл байхгүй. У.Хүрэлсүх болон миний буруутай үг, үйлдэл бий.

Үүнийг улс орны төлөө ойлголцоод ярилцаж, цэг тавих зүйл дээр цэг тавина. Нэгэнт баримталдаг зарчим итгэл үнэмшлээсээ ухрахгүйгээр түүнийгээ хадгалж, ойлголцоод урагшлахыг би хувь улс төрчийн хувьд барина. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч гэсэн ийм зарчмыг баримталж байгаа" хэмээн хариулав.