Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхжаргал: Энэ удаагийн сонгуулийн хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолно

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 6 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний нийгмийн байгууллагууд 2024 оны УИХ-ын сонгуулийн явцад мониторинг хийж, явцаа долоо хоног бүрээр мэдээлж байгаа билээ. Ээлжит мэдээллээр сонгуулийн санал тоолох машинд хийсэн мониторингийн талаар МИДАС ТББ-аас мэдээлэл хийлээ. 

 “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн МИДАС ТББ-ын захирал С.Энхжаргал “Манайх хоёр асуудалд төвлөрч ажиллаж байгаа. Эхнийх нь санал тоолох төхөөрөмжийн тест, нөгөө нь сонгогчдын нэрийн жагсаалтын хөндлөнгийн хяналт.

Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолно. 2,198 хэсгийн хороон дээр бүгд дээр нь гар тооллого хийнэ гэсэн үг. Гар тооллогыг зөвхөн тухайн хэсэг дээр байгаа ажиглагчид хардаг. Хэсэг бүрд камер байгаа учраас тэрхүү камерын доор гар тооллогыг явуулбал улам бүр нээлттэй болох байх гэдгийг хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүст сануулж байна.

Иргэний нийгмийн ажиглагчдын зүгээс Дархан сум руу ачихаар бэлтгэсэн төхөөрөмжийг сонгож нэр дэвшигчидтэй хуудаснаас 10 ширхэг, нам эвсэлтэй хуудаснаас 20 ширхгийг авч өөрсдийн урьдчилан бэлдсэн тестийг гүйцэтгэн шалгаж үзсэн. Өгөгдсөн саналын хуудаснуудыг ашиглаж эхлэлийн тайлан гаргах, хоосон хуудас уншуулах, саналын хуудсанд бичигдсэн нэр бүрийг зөв уншиж байгаа эсэхийг эхний ээлжид шалгахад төхөөрөмж горимын дагуу хэвийн ажиллаж байсан.

Нам, эвслийг сонгох саналын хуудсанд 21 нам, эвсэл бичигдсэн тул 21 дэхийг давхар дугуйлах аргаар шалгасан бөгөөд төхөөрөмж давхар саналтай хуудас болохыг таньж буцаасан. Мөн хэд хэдэн нам, эвслийг давхар дугуйлах аргаар шалгахад саналын хуудсыг буцааж байлаа.

Нэр дэвшигчдийг сонгох хуудасны хувьд мөн олон нэр дэвшигч жагсаасан тул нам, эвслээр нь дугуйлах, хольж дугуйлах, мандатын тооноос илүү дугуйлах, дутуу дугуйлах хувилбаруудыг шалгалаа. Үүнээс гадна дутуу дугуйлах, илүү дугуйлах, саналын хуудасны бар кодыг дарах, цагийн бөмбөг байгаа эсэх буюу санал нэгтгэх үеийн цагаар тохируулж саналын билл хэвлүүлэх туршилт, тестийг гүйцэтгэхэд алдаа гараагүй болно.

Санал тоолох төхөөрөмжтэй холбоотой ямар хардлагууд гардаг вэ.

Эхнийх нь санал тоолох машинд өгсөн бидний саналыг уншихдаа өөр хүн дээр зөөгөөд тавьдаг гэдэг хардлага бий. Үүнийг яаж шалгах вэ гэж бодсон. Цаасан дээр юм хэвлэхэд принтерээр халааж хэвлэдэг. Тэгэхээр индүү авч очоод саналын хуудасны тэмдэглэгээн дээр дарж үзсэн. Нэг саналын хуудсыг 32 секунд уншиж байсан учраас 40 орчим секунд дарсан. Халууны боловсруулалт хийхэд солигддоггүй юм байна гэдгийг тодорхой хэмжээнд шалгасан.

Мөн иргэд, саналын хуудсыг бөглөхдөө яагаад заавал СЕХ-ноос өгсөн үзгээр тэмдэглэдэг юм бэ гэж асуудаг. Тэр үзгэн дээр байгаа хор нь шилждэг гэдэг ойлголт хүмүүсийн дунд яваад байдаг. Гэтэл тэр үзэгний онцлог нь хурдан хатдаг юм байна. Хурдан хатдаггүй үзэг хэрэглэвэл саналын хуудсыг уншиж байгаа толгой бохирдож, дахин дахин цэвэрлэх шаардлага гардаг юм байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн санал тоолох машиныг хакердах боломжтой юу гэдэг асуулт маш их гардаг. Серверт санал хураалтын дүнг дамжуулах явцад хакердаж өөрчлөх вий гэсэн болгоомжлолын хувьд дамжуулахаас өмнө төхөөрөмжөөс дүнг хэвлэж, нам, эвслийн болон иргэний нийгмийн ажиглагчдад тус бүр нэг нэг хувь өгдөг ба төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг эрэмбийг санамсаргүй болгож өөрчилсөн зургийн файлыг мөн хуулбарлан өгдөг. Үүнээс гадна, саналын хуудсыг гараар тоолон тулгаж хяналтын тооллого хийж буй нь дүнг дамжуулсан дүнтэй тулган хянах боломж нээдэг. Дээрх хардлага нь үндэслэлгүй юм" гэлээ.