Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг удаагийн талхны мөнгөөр ирээдүйгээ бүү худалдаарай гэж ард иргэддээ уриалъя"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Нам (АН)-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн хуралд тус намын хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, жагсаалтаар нэр дэвшиж буй Б.Баттөмөр нар оролцсон юм. 

Энэ үеэр нэр дэвшигч Б.Баттөмөр "Өнөөдөр бол Улсын Их Хурал (УИХ)-ын сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр болж байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр хууль зөрчсөн олон үйл явдал боллоо. Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнээс дүгнэхэд сонгуулийн сурталчилгаа амжилттай явагдлаа гэж хэлэх боломжгүй.

Өнгөрсөн найман жилд болсон үйл явцыг хураангуйлахад 2016 онд эрх баригч Монгол Ардын Нам (МАН) 65 суудал авсан. Нийт 76 гишүүнээс 65 суудал авч, 80 хувиас дээш давсан. МАН үнэмлэхүй олонх болсноор бүх эрх мэдэл нэг намд төвлөрсөн. 

Улмаар 2022 оны сонгуульд дахин 62 суудал авснаар эрх мэдлээ цааш нь үргэлжлүүлсэн. Ингээд монголчуудын амьдрал өөдлөөгүй. 

Тус намын нийгэм, эдийн засаг дахь оролцоо нэмэгдсэн. Хүү багатай зээлийг дарга нар л авдаг болж, эсрэгээрээ ард иргэд банк бус санхүүгийн зээл авч, өдөр хоногийг аргацаадаг байдалтай боллоо. 

Үүнийг нотлох ганцхан баримт дэлгэе. Нийт хадгаламжтай иргэдийн дөрвөн хувь нь мөнгөн дүнгийн 87 хувийг эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл баян, ядуугийн ялгаа туйлдаа хүрснийг эндээс харж болно.

Хоёрдугаарт иргэдийн дунд саналын хуудсыг яаж бөглөх талаар ойлголт тааруу байна. Тиймээс товч танилцуулъя. 

2024 оны УИХ-ын сонгуульд хоёр хуудас л тарааж буй. Эхнийх дээр нь тойрогт нэр дэвшиж буй сонгогчдыг дугуйлна. Иргэдийн дунд нэг төөрөгдөл байгаа нь нэг намаас таван нэр дэвшигч байвал бүгдийг нь дугуйлж байж санал хүчинтэй болно гэж ойлголт яваад байна. Иргэд саналаа хэнд ч өгч болно. Заавал тухайн намын аль нэг дэвшигчийг дэмжихийн тулд намаар нь дугуйлах шаардлагагүй.

Хоёр дахь хуудаст намын жагсаалтаар дэвшиж буй хүмүүсийг дэмжиж байвал тухайн намаа сонгоно. Жишээлбэл миний хувьд АН-ын жагсаалтын 35-д яваа. Манай нам олон санал авбал гишүүн болох боломжтой гэсэн үг.

Тиймээс дахиад хэлье. Зөвхөн нэг намын дэвшигчдийг дугуйлж байж саналын хуудас хүчинтэй гэсэн ухуулга бол ор үндэсгүй худлаа зүйл. 

Төгсгөлд нь мөрийн хөтөлбөрийнхөө нэг заалтыг онцолмоор байна. Тодруулбал манай мөрийн хөтөлбөрийн 5.1.11-т зааснаар "Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, нээлттэй, олон нийтийн оролцоотой болгон хувьчлах замаар өгөөжийг нэмэгдүүлнэ. Улмаар бүрдүүлсэн орлогыг өрийн дарамтыг бууруулахад зарцуулна" гэж оруулсан. Энэ заалтыг иргэд анхааралдаа аваасай гэж хүсэж байна" гэж ярилаа.

Түүний дараа АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Сонгуулийн сурталчилгааны 16 хоног өнөөдөр өндөрлөж байна. Энэ хугацаанд бид нар хэн нэгнийг харлаж, гутаан доромжлох бус эв нэгдлийг хангах гэж хичээлээ. Өнгөрсөн 16 хоногт ард иргэдийг тэр дундаа орон нутгийн иргэдийг хэд хэдэн талцал болгон хувааж, өөрийн намын хүн биш бол элдвээр хараах, цаашлаад амь насанд нь хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Хүний амь үрэгдсэн хэргийг бид хэзээ ч мартахгүй. 

Өнгөрсөн хугацаанд биднийг халуун сэтгэлээр угтан авч, үдэн гаргасан нийт дэмжигч, ард иргэддээ намын нийт удирдлагуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд эрх баригч намаас иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тарааж байгааг баримтжуулсан. Өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт иргэдэд мөнгө тарааж буй бичлэг бидэнд ирсэн. Цаашид 13 тойрог дээр иргэдийн саналыг худалдаж авахаар мөнгө тараах үйлдэл нэмэгдэх хандлагатай байна. 

Манай намын хуулийн байгууллага энэ асуудал дээр хяналт тавьж буйг албан ёсоор мэдэгдье. Иргэдэд уриалж хэлэхэд нэг удаагийн талхны мөнгөөр Монгол орноо худалдаж болохгүй. Өгсөн мөнгийг нь аваад саналаа өгөхдөө өөрийнхөөрөө өгч, өнгийг нь өөрчлөх цаг болсон. 

АН өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол орноо дөрвөн удаа тойрсон. Бид өрийн дарамтгүй монгол сэдвээр иргэдтэйгээ санал бодлоо солилцсон. Манай улсын нийт ард иргэдийн 85 хувь нь 10 сая төгрөг хүртэлх хэмжээний зээлтэй байгааг тогтоосон. 

Тиймээс манай нам засаг авсан тохиолдолд эхний 100 хоногт хийх ажил нь ард иргэдээ өрийн дарамтаас салгахад чиглэх болно" гэв.