Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бангладешийн хамгийн алдартай цаазын ял гүйцэтгэгч нас баржээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Цуврал алуурчнаас эхлээд улс төрчид хүртэл олон гэмт хэрэгтний цаазын ялыг гүйцэтгэж, энэ талаараа ном хүртэл бичиж байсан Бангладешийн иргэн нас барсныг тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

74 настай Шахжахан Буйян цээжээр нь хатгаж өвдсөн оноштойгоор Даваа гарагт нийслэл Дака хотын эмнэлэгт хэвтсэн юм байна.

Удалгүй тэр эмчлүүлж байхдаа амьсгал хураажээ.

Буйяны дүүжилсэн хүмүүсийн тоог хамгийн багадаа 26, дээд тал нь 60 гэсэн мэдээлэл байдаг.

Тэрбээр өмнө нь хувьсгалч байсан бөгөөд дээрэм, хүн амины хэргээр 42 жилийн хорих ял эдэлж байхдаа цаазын ял гүйцэтгэгч  болжээ.

Сайн дурын үндсэн дээр цаазын ял гүйцэтгэгч болбол хугацаанаас нь өмнө суллах амлалтыг эрх баригчид түүнд өгсөн юм байна.

Буйян өнгөрсөн онд хугацаанаасаа 10 жилийн өмнө шоронгоос суллагдаж байжээ.

Түүний цаазалсан хүмүүсийн дунд Бангладешийн одоогийн ерөнхий сайдын эцэг, тус улсыг үүсгэн байгуулагч Шэйх Мужибур Рахманы амийг хөнөөхөд оролцсон армийн офицерууд байсан юм.

Бас дайны гэмт хэрэгт буруутгагдсан улс төрчид болох Али Асан Мужахид, Салахуддин Кадер Чоудхури нар, цуврал алуурчин Эршад Шикдерын хүзүүнд тэр дүүжлүүрийн олс зүүж байжээ.

Буйян үргэлж “хэрвээ би биш бол өөр нэг нь хийх л байсан” гэж өөрийгөө өмгөөлдөг байв.

Түүний бичсэн ном энэ оны эхээр худалдаанд гарсан нь нэлээд эрэлттэй байжээ. Уг номд ялтныг дүүжлэх үйл явцын дэс дарааллын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Суллагдсаныхаа дараа Буйян өөрөөсөө 50 насаар дүү эмэгтэйтэй гэрлэсэн ч хууль эрх зүйн асуудлын улмаас хэсэгхэн хугацаанд хамт амьдраад салж байжээ.

 

Эх сурвалж: BBC