Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын шүүх Сергей Шойгу, Валерий Герасимов нарыг баривчлах тушаал гаргав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Эрүүгийн Шүүх (ОУЭШ) өчигдөр ОХУ-ын батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг баривчлах тушаал гаргажээ.

Тэднийг Украинд дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт сэжигтнээр татсан байна.

Тухайлбал 2022 оны аравдугаар сараас 2023 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд Шойгу, Герасимов нар Украины иргэний байгууламжуудад довтлох ажлыг гардан удирдсан гэх баримт нотолгоо байгааг ОУЭШ мэдээлжээ.

“Хоёр сэжигтэн Украины эрчим хүчний дэд бүтцэд пуужингаар довтолсны хариуцлагыг хүлээх үндэслэлтэй” гэж яллах дүгнэлтэд тайлбарласан байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дээрх шийдвэр нь “Украины эсрэг Оросын үйлдсэн гэмт хэргүүдэд шударга ёс гарцаагүй үйлчлэхийг харууллаа” гээд гэмт этгээдүүдийг “торны цаана суухыг харна” гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Харин ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөл Шойгуг баривчлах ОУЭШ-ийн шийдвэрийг “ач холбогдолгүй” бөгөөд Москвагийн эсрэг явуулж буй “гибрид дайны нэг хэсэг” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өөрийн шадар хүн болох 2012 оноос хойш батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Сергей Шойгуг өнгөрсөн сард албан тушаалаас нь чөлөөлж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилсон юм.

Путин өөрөө ч бас ОУЭШ-ээс баривчлах тушаал сонсоод байгаа.

Украины хүүхдүүдийг хууль бусаар Орос руу шилжүүлэх ажлыг зохион байгуулсан гэгдэж буй тус улсын хүүхдийн эрхийн комиссын дарга Мария Львова-Беловаг бас баривчлах тушаал гаргаж байв.

ОУЭШ-ийн тушаалыг тус байгууллагын гишүүн орнууд биелүүлэх үүрэгтэй байдаг. ОХУ нь тус шүүхийн гишүүн биш юм.

Гэхдээ энэ шийдвэр Путиний гадаадад зорчих боломжийг хязгаарлаж байгаа.

 

Эх сурвалж: BBC