Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Пол Врайт: Бэртэх эрсдэл бага тул диск гольфоор бүх насныхан хичээллэх боломжтой

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Диск гольфын "Ulaanbaatar Open" нээлттэй тэмцээн энэ сарын 23-нд Түргэний аманд болох юм. Энэ талаар Монголын диск гольф сонирхогчдын холбоо болон АНУ-ын "Paul McBeth" сангийн төлөөлөгчид өнөөдөр "Монгол ньюс" төвд мэдээлэл хийлээ.

Мэргэжлийн Диск Гольфын Холбоо (PDGA) болон "Paul McBeth" сангийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн дасгалжуулагч, талбайн дизайнер, хэвлэлийн ажилтан бүхий гурван хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд иржээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар Монголын диск гольфын холбооны захирал Г.Сүхболд "Гольфын цохиур, бөмбөгний оронд нисдэг тавгийг сагсанд оруулдаг төрлийг диск гольф гэдэг. Үндсэн дүрэм нь гольфтой ижил. Байгальтай харьцдаг, хүрээлэн буй орчинд эелдэг, нөхөрсөг, шударга байдал дээр суурилсан спорт гэдгийг онцолмоор байна. Манай холбоо одоогоор сонирхогчдын түвшинд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болж, 24 тамирчин өрсөлдсөн. "Ulaanbaatar Open" тэмцээний хувьд олон улсын дүрмийн дагуу зохиохоор төлөвлөж байна. Түргэний аманд болох тэмцээнд бүх насныхан оролцох боломжтой" гэж ярилаа.

Түүний дараа "Paul McBeth" сангийн төслийн менежер Пол Врайт "Би диск гольфын спортоор 1974 оноос хичээллэж байна. Энэ спортыг хөгжүүлэх бодлогын хүрээнд 10 гаруй улсад ажиллаж, диск гольфын талбайн зураг төслийг гаргасан. Энэ хүрээнд Монголд ирж байгаадаа таатай байна. Бэртэх эрсдэл багатай тул энэ спортоор бүх насныхан хичээллэх боломжтой. Санхүүгийн тал дээр нөлөөлөл нь бага тул аль ч улс оронд жигд хөгжинө гэж хардаг" гэлээ. 

Мэргэжлийн диск гольфын холбоо нь 2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар 40 гаруй улсад 107,853 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж буй аж. Монголын диск гольф сонирхогчдын холбоо өнгөрсөн оны аравдугаар сард албан ёсоор байгуулагджээ. Дэлхийн стандартад нийцсэн талбайтай болсноор цаашлаад мэргэжлийн холбоонд нь гишүүнээр элсэх зорилго тавьж байгаагаа холбооны удирдлагууд онцоллоо.

"Paul McBeth" сангаас тусгай загвар бүхий Монгол нэртэй 100 диск бэлэглэхээр болсон аж.

Сонирхуулахад Пол МкБет бол диск гольфын спортоор дэлхийд танигдсан шилдэг тамирчин. Түүний спортын замнал 2008 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл дэлхийн өндөр зэрэглэлийн тэмцээнд нийт 139 удаа ялж, 15 цом өргөсний зургаа нь мэргэжлийн диск гольфын холбооны цом юм. Пол МкБэт нь 2013-2020 оны  хооронд тасралтгүй дэлхийн чансааг тэргүүлсэн. Тэрбээр 2019 онд диск үйлдвэрлэгчдийн нэг Discraft-тай дөрвөн жилийн нэг сая долларын гэрээ байгуулсан. Улмаар 2021 онд гэрээгээ сунгаснаар 10 жилийн 10 сая ам.долларын гэрээг үзэглэсэн билээ.

П.Мкбет өдгөө диск гольфыг дэлхийн спорт болгох зорилгоор өөрийн сангаар дамжуулан 19 улсад гольфын талбайн зураг төсөл дээр ажилласан аж.