Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой ирэх онд тохионо. Энэ хүрээнд хоёр улсын ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг ирэх оны нэгдүгээр улиралд Чехийн нийслэл Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр болжээ.
Үүнтэй холбоотойгоор Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, БНЧУ-ын Үндэсний музейн захирал Михал Лукеш нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ талаар Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун "Энэ гэрээ ирэх жилийн гуравдугаар сараас зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ. Өмнө нь Францын Нант хотод гаргасан үзэсгэлэнгээс үзмэрийн тоогоор илүү байхаар төлөвлөсөн. Өмнөх үзэсгэлэнд Чингис хааны өмнөх үе, Чингис хааны үед гэсэн олдворууд толилуулсан бол одоо Чингис хааны дараах үеийн үзмэрийг нэмэхээр ажиллаж байна" гэж онцоллоо.
Тэгвэл Чехийн Үндэсний музейн захирал М.Лукеш "Энэ гэрээг зурснаар хоёр музейн төдийгүй манай хоёр орны соёлын харилцааны хамтын ажиллагаанд хийгдэж буй томоохон алхам гэж үзэж байна. Тус үзэсгэлэн нь Монголын Эзэнт гүрний тухай Чех улсад гаргаж буй хамгийн том үйл ажиллагаа байх болно. Манай үндэсний музейн хувьд ирэх жил зохион байгуулахаар бэлтгэж буй хамгийн чухал ач холбогдолтой олон улсын үзэсгэлэнгийн нэг болох юм. Бид зөвхөн чехүүдэд төдийгүй музейг ирж үзэхээр олон улсаас ирсэн хүмүүст Монголчууд хэрхэн дэлхийг өөрчилсөн, тухайн үеийн Монголын түүх, соёл иргэншлийн талаар бүх дэлхийн түүхэнд яаж бичигдсэнийг харуулах нь чухал. Чингис хааны музейн баялаг цуглуулгаас нийт 200 орчим үзмэрийг олонд дэлгэхээр төлөвлөж байна" гэж ярилаа.
Тус үзэсгэлэнд Монгол улсын анхны төрт улс Хүннүгийн үеэс эхлэн Их Монгол Улс, Бурхны шашны дурсгалуудаас багтсан цогц үзмэрүүдийг дэлгэх аж. Чингис хаан Үндэсний музейгээс өнгөрсөн онд Франц улсын Нант хотноо “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн амжилтай зохион байгуулагдаж таван сарын хугацаанд нийт 250.000 гаруй хүн Монголын түүх, соёлын дурсгалтай танилцсан билээ.
Уг үзэсгэлэнг ирэх долдугаар сарын 3-наас наймдугаар сарын 25-ныг дуустал Чингис Хаан Үндэсний музейн найман давхарт нийтэд толилуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Улмаар дараа жил Чехийн Үндэсний музейд гарсны дараа аравдугаар сараас Щвейцарын Цюрих хотын Ритберг музейд дэлгэгдэж, цаашлаад АНУ, Канадын музейд тавигдахаар төлөвлөж буй аж.
Тус музей дэх Монголын холбогдолтой 2,500 гаруй үзмэрийн тал нь шашин шүтлэг, үлдэх хэсэг нь монголчуудын өдөр тутмын амьдралтай холбоотой үзмэр байдаг юм. Эдгээр дурсгалыг Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Чингис хаан Үндэсний музей хамтран “Чех дэх Монголын өв” номыг бүтээхээр ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!