Уншиж байна ...
Зураг
Зураг

“УБТЗ” ХНН шинэ зүтгүүрээ хүлээн авлаа

ikon.mn
2024 оны 6 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ОХУ-аас нийлүүлэх гол замын 5 шинэ зүтгүүрийн эхний зүтгүүрийг “УБТЗ” ХНН хүлээн авлаа.

1990 оны эхээр Япон улсын Засгийн газраас авсан Мон-П1, Мон-П2 гэж нэрлэдэг хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл өр болох 83.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг манай Засгийн газар хариуцаж, улмаар энэ хэмжээгээр Оросын тал “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөх саналыг ОХУ-ын Засгийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тавиад байсан юм.

Энэ асуудлыг тус нийгэмлэгийн хувь эзэмшигч монголын  талын саналын дагуу шийдэж, УБТЗ-ын дүрмийн санг өсгөх хэлэлцээрт 2023 оны 6 дугаар сард хувь нийлүүлэгч талууд гарын үсэг зурснаар УБТЗ-ын дүрмийн сан 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тус нийгэмлэг өргүй болсон.

Оросын тал нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх өөрийн талын 83.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтдаа дүйцүүлж гол замын 5 шинэ зүтгүүр нийлүүлэхээр тохирсны дагуу ийнхүү эхний ээлжийн зүтгүүрээ нийлүүлж байна. Дараагийн зүтгүүрүүд Улсын баяр наадмаас өмнө орж ирснээр УБТЗ-ын зүтгүүрийн паркийн хүчин чадал нэмэгдэж, өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад үлэмж ахиц өөрчлөлт гарах юм.

2ТЭ25Км серийн орчин үеийн өндөр хүчин чадалтай энэхүү гол замын зүтгүүр нь 4500 тонн ачаа татах хүчин чадалтай бөгөөд эдгээр 5 зүтгүүр орж ирснээр ийм серийн 27 зүтгүүртэй болох юм гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.