Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Эрдэнэ: Санал авах өдөр ажиллаж байгаа хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог

Б.Манлай
2024 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын сонгуулийн санал хураалт ирэх долоо хоногийн Баасан гарагт улс даяар 07:00-22:00 цагт зохион байгуулагдаж, бүх нийтээрээ амрах хуультай. Энэ өдөр байгууллагын онцлогоос шалтгаалан ажиллаж байгаа бол ажилтандаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй юм байна. Хэрэв саналаа өгөхөд нь саад учруулсан бол Зөрчлийн хуулийн дагуу тухайн ажил олгогч иргэн, ААН, байгууллагыг торгодог аж.

Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ "Сонгуулийн тухай хуульд зааснаар өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан сонгуулийн санал хураалт зохион байгуулагдах өдөр ажиллаж байвал сонгогчид чөлөө олгож, саналаа өгөх боломжоор хангах үүрэгтэй байдаг.

ААН, байгууллагаас ажилтандаа чөлөө олгож, сонгох эрхээ эдлэхэд саад учруулсан бол 100 сая төгрөгөөр торгох хуультай" хэмээн тайлбарлалаа.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах тухайд "Эрүүл мэндийн байдлын улмаас хэсгийн хороонд очиж саналаа өгөх боломжгүй, зөрчлийн улмаас баривчлагдсан иргэдээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг авдаг. Гэхдээ Сонгуулийн хуульд тухайн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгнө гэсэн өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн нэг сумаас Улаанбаатарын 461 дүгээр хорих ангид ирсэн хүнээс зөөврийн хайрцгаар санал авах боломжгүй юм" гэв.

Тэрбээр зургаадугаар сарын 28-нд сонгуулийн санал хураалтад идэвхтэй оролцохыг уриаллаа.

Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг нээлттэй шалгаж, өнөөдөр 21 аймаг руу хүргүүлж эхлэх аж.

Зөрчлийн тухай хуулиас:

Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 100 сая төгрөгөөр торгоно.
Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 100 сая төгрөгөөр торгоно гэж заажээ.