Уншиж байна ...
Зураг
Зураг

ЕВРО 2024: Германчууд нээлтийн тоглолтод Шотландыг 5:1-ээр илүүрхлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 15
IKON.MN
Зураг зураг
CNN

Европын Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ) өнөөдөр нээлтээ хийлээ. Буурал тивийн аваргад гурав түрүүлсэн германчууд талбайн эзний уламжлалаар эхний тоглолтыг хийсэн юм. Жульен Нагелсманны удирдлага дор тэд Шотландыг 5:1-ээр илүүрхэв.

Тоглолтын 10 дахь минутад "Байер Леверкузен"-ий залуу довтлогч Флориан Вирц гоолын салхийг хагалсан юм. Дөнгөж 21 нас, 42 хоногтой Ф.Вирц тус тэмцээнд гоолдсон хамгийн залуу герман тоглогч болжээ. Удалгүй Ф.Вирцээс хэдхэн хоногоор ах "Байер Мюнхен"-ий Жамал Мусиала тооны харьцааг 2:0-ээр холдууллаа. 

Эхний хагас өндөрлөхөөс нэг минутын өмнө Шотландын Райан Портеус улаан хуудсаар талбайг чөлөөлсөн төдийгүй эсрэг багтаа торгуулийн цохилт гүйцэтгэх эрх өглөө. Энэ боломжийг Кай Хаверц алдсангүй. Тэрбээр Ангус Ганны хаалгыг мялааснаар германчууд тивийн аваргын эхний хагаст анх удаа гурван гоол бүртгүүллээ.

Хоёрдугаар хагасын 68 дахь минутад Никлас Фюллькрут дөрөв дэх гоолыг оруулсан бол Антонио Рудигер өөрийн хаалгыг мялааж шотландчуудад нэр төрийн ганц гоолыг "бэлэглэв". 

"Евро 2024" эхлэхээс хоёр хоногийн өмнө гэмтэлтэй Александар Павловичийг орлож шигшээдээ дуудагдсан "Борусси Дортмунд"-ын турк гаралтай тоглогч Эмре Кан шүүгчийн мэдлийн нэмэлт цагт эцсийн цэгийг тавилаа. 

Ийнхүү германчууд тивийн тэмцээнийг хожлоор эхлүүлдэг уламжлалаа хадгалсан юм. Тэд нээлтийн тоглолтод найман удаа хожсон үзүүлэлтээр тэргүүлж байна. 

 

Эх сурвалж: uefa.com