Уншиж байна ...
Зураг
Зураг

Сингапурын хаалгач Хятадын хөгжөөн дэмжигчдийн талархлын мөнгөнд "булуулах" болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Сөүл хотод Өмнөд Солонгосын багт 1:0 оноогоор хожигдсоны дараа Хятадын шигшээ баг 2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шалгаруулалтад тэнцэх боломж улам багассан юм.

Хэрвээ Тайландын шигшээ баг Бангкокын тоглолтод Сингапурын багийг хамгийн цөөндөө гурван онооны зөрүүгээр хожвол C хэсгээс хоёроор гарч, Хятадын баг өрсөлдөөнөөс хасагдах нөхцөл бүрдээд байжээ.

Гэтэл Тайландын баг Сингапурыг 3:1 харьцаагаар буулгаж, дээрх нөхцөл бүрдэхэд ганцхан оноо дутсан тул Хятадын шигшээ баг тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжтой болсон байна.

Үүнд Сингапурын багийн 40 настай хаалгач Хассан Санни гол үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр хаалга руу нь чиглэсэн Тайландын багийн 11 цохилтыг хааж чадсан юм.

Энэ гавьяаныхаа төлөө Хассан их хэмжээний талархлын мөнгийг Хятадын хөгжөөн дэмжигчдээс хүлээж авах болжээ.

Сингапурын зүүн захад түүний гэр бүлийн ажиллуулдаг хоолны мухлагт тэмцээний дараа Хятадын хөгжөөн дэмжигчид олноор үйлчлүүлэх болсон байна.

Үүнээс гадна уг мухлагт байрлуулсан төлбөрийн QR кодын зураг Хятадын сошиал сүлжээнд тархаж, талархсан хөгжөөн дэмжигчид үүнийг ашиглан Хассанд мөнгө илгээх болжээ.

Сингапурын CNA телевизийн сувагт ярихдаа Хассан “Одоохондоо надад сайхан байна. Гэхдээ энэ бүгд хэзээ зогсох бол, хууль бус үйлдэл мөн үү гэсэн бодол надад төрж байна. Тодорхой хугацааны дараа үүнийг болиулах ёстой гэж би бодож байна” гэж ярьсан байна.

Ингэхдээ тэр хэр хэмжээний мөнгө хүлээж аваад байгаагаа хэлээгүй юм.

“Миний гэр бүлийнхэн энэ бүхэнд их цочирдож байгаа. Ялангуяа миний охид. Таны зураг яагаад хаа сайгүй байгаа юм бэ гэж тэд надаас асуудаг” гэж Хассан ярьжээ.

 

Эх сурвалж: BBC