Уншиж байна ...
Зураг
Зураг

Уэльсийн гүнж Кэйтийн хорт хавдрын эмчилгээнд ахиц гарч, зургаан сарын дараа анх удаа олны өмнө ил гарах гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Зургаан сарын турш олны өмнө ил гараагүй байгаа Уэльсийн гүнж Кэйт өнөөдөр тохиох Чарльз хааны төрсөн өдрийн баярын жагсаалд оролцох болсноо Баасан гарагт мэдээлжээ.

42 настай гүнж бас хорт хавдрын эсрэг хими эмчилгээ нь үр дүнтэй байгаа бөгөөд хэдхэн сарын дараа дуусахыг мэдээлсэн байна.

Кэйт уг мэдэгдлийг өөрийн сошиал сувгаар цацахдаа энэ долоо хоногийн эхээр Уиндсорын шилтгээнд авхуулсан гэрэл зургийг хавсаргажээ.

Зураг дээр тэр голын эрэгт, том модны дор зогсож байгаагаар гарсан байна.

“Эмчилгээнд ахиц дэвшил гарч байна. Гэхдээ сайн, муу өдрүүд байдгийг хими эмчилгээ хийлгэж үзсэн хэн бүхэн мэдэж байгаа. Муу өдрүүдэд ядарч туйлдаж, биеэ амраах хэрэгтэй болдог. Сайхан өдрүүдэд илүү хүчтэй болсноо мэдэрч, энэ мэдрэмжээ аль болох бүрэн дүүрэн ашиглахыг хүсдэг” гэж гүнж бичжээ.

Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Уилльямын гэргий Кэйт гурван хүүхдийн ээж юм.

Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн оны Зул сарын баярын арга хэмжээнд оролцохдоо олны өмнө ил гарч байв. Дараа нь энэ оны гуравдугаар сард Кэйт ямар нэг төрлийн хорт хавдартай болсноо зарласан юм.

Түүнээс өмнө хоёрдугаар сард Чарльз хаан бас хорт хавдрын оноштой болсноо зарлаж байв.

75 настай хааны эмчилгээнд ахиц гарч, дөрөвдүгээр сараас эхлэн зарим олон нийтийн арга хэмжээнд оролцож эхэлсэн.

Өнөөдөр буюу Бямба гарагт зохион байгуулагдах төрсөн өдрийнхөө баярын жагсаалд Чарльз хаан сүйх тэрэгтэй оролцохоор болжээ. Өнгөрсөн оны баярын жагсаалд тэр морь унаж оролцож байсан юм. Эндээс хааны эрүүл мэнд бүрэн сайжраагүй нь харагдаж байна.

 

Эх сурвалж: AFP