Уншиж байна ...
Зураг
Зураг

Путиний тавьсан Украинд гал зогсоох саналыг Зеленский няцаав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн гадаад харилцааны яамны байранд болсон уулзалтын үеэр Украинд гал зогсоох нөхцөлийг танилцуулжээ.

Тэрбээр Оросын цэрэгт эзлэгдсэн Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудын нутгаас Украины тал цэргээ бүрэн гаргах, НАТО-д гишүүнээр элсэх санаанаасаа татгалзах гэсэн үндсэн хоёр шаардлагыг тавьж байгаагаа мэдэгдсэн байна.

“Нөхцөлүүд маш энгийн. Цэргийн хүчээ татах, НАТО-д элсэх төлөвлөгөөнөөсөө албан ёсоор татгалзах нөхцөлүүдийг хүлээж авахад бэлэн гэдгээ Киевийн эрх баригчид мэдэгдсэн даруйд бид даруй галаа зогсоож, яриа хэлэлцээг эхлүүлэх болно. Бид үүнийг даруй хийнэ гэдгээ дахин хэлмээр байна. Мэдээж бид үүнтэй зэрэг Украины анги нэгтгэлүүдийн аюулгүй, саадгүй гаргах баталгааг өгөх болно” гэж Путин энэ үеэр хэлжээ.

Путиний тавьсан саналыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон АНУ, НАТО-гийн эрх баригчид ээлж дараалан няцаасан байна.

“Түүний хэлсэн зүйл бол тулган шаардалт юм. Хитлерийн хийсэн зүйлтэй ижил. Путиний нүүрээр Нацизм хэдийнээ дахин амилаад байна. Тэр зогсохгүй. Тиймээс бид түүний хэлсэн зүйлд итгэх ёсгүй” гэж Их Долоогийн бүлгийн дээд чуулганд оролцож буй Зеленский ярьсныг Италийн SkyTG24 телевизийн суваг мэдээлжээ.

Брюссель хотод НАТО-гийн уулзалтад оролцож буй АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Тэр үнэхээр шийдсэн бол өнөөдөр ч үүнийг дуусгаж чадахаар байгаа. Бид түүнд Украины тусгаар тогтносон газар нутгаас гарч явахыг уриалж байна” гэж мэдэгдсэн байна.

НАТО-гийн тэргүүн Йенс Столтенбэрг “Энэ бол сайн санааны үүднээс гаргасан санал биш” гэж Путиний санааг няцаажээ.

Путин өчигдрийн уулзалтын үеэр бас Орос ба Өрнөдийн сөргөлдөөн “буцах аргагүй байдалд хүрэхэд тун ойрхон” байгааг анхааруулж, өөрийн улсыг дэлхий дээр “хамгийн том цөмийн зэвсгийн нөөцтэй” хэмээн гайхуулж байв.

Тэр бас энэ амралтын өдрүүдэд Швейцарт зохион байгуулагдах Украины энхийн уулзалтыг “бүхнийг сатааруулах арга заль” гэж шүүмжилжээ.

Дэлхийн 90 орчим улс, олон улсын байгууллагуудын удирдагчид, төлөөлөгчид оролцох энэ арга хэмжээнд Орос улс уригдаагүй юм.

Путин бас Оросын гадаадад битүүмжлэгдсэн хөрөнгийг Украины тусламжид зарцуулах Их Долоогийн бүлгийн шийдвэрийг “хулгай” гэж нэрлээд үүнийг “шийтгэлгүй өнгөрөөхгүй” хэмээн анхааруулсан байна.

Тэрбээр уг алхмыг Өрнөдийн орнууд “дэлхийн аль ч улсын хөрөнгийг ингэж дээрэмдэх боломжтойг харуулж байна” хэмээн шүүмжилжээ.

“АНУ болон Өрнөдийнхний дээрмийн дараагийн хохирогч хэн ч байх боломжтой” гэж Путин гадаад хэргийн яамныхаа ажилтнуудтай уулзахдаа хэлсэн юм.

Украинд дайн эхэлсний дараа Оросын төв банкны $325 тэрбумтай тэнцэх гадаад дахь хөрөнгийг Өрнөдийн орнууд битүүмжилж байв.

Их Долоогийн бүлгийн гишүүн орнууд уг мөнгөний хүүгийн орлогоор эргэн төлөгдөх нөхцөлөөр Украинд $50 тэрбумын тусламж үзүүлэх шийдвэрийг Пүрэв гарагт гаргасан юм.

 

Эх сурвалж: AFP