Үер, усны цаг үеийн нөхцөл байдлын урьдчилан сэргийлэх мэдээллийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас хүргэлээ.
Энэ талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Зургаа, долдугаар сард төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орохоор байгааг өмнө нь танилцуулж байсан.
Тодруулбал Хэнтий нурууны бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байх урьдчилсан төлөв гарсан.
Мөн наймдугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байна гэж ойлгож болно.
Баруун, говийн аймгуудын ихэнх нутаг нэлээд хуурай, гандуу зуншлага тааруу, дунд үнэлгээтэй байгаа. Гэтэл энэ сарын 17-ноос баруун аймгуудын нутгаас эхлээд хур бороо орно.
Хөрс нь хатсан, гандсан хуурайшилттай баруун аймгийн нутгаар бороо эрчимтэй орвол хөрсөндөө шингэж чадахгүйгээр үер буух эрсдэлтэй" хэмээн анхааруулав.
Үргэлжлүүлэн ойрын өдрүүдэд хур тунадас орох бүс нутгуудыг танилцуулав.
Эдгээрээс 18, 19, 20-ны өдрүүдэд орох бороо хамгийн удаан үргэлжлэх төлөвтэй буюу төвийн аймгуудын нутгаар нэлээд үргэлжилж суусан маягтай орно.
Мэргэжлийн хэлээр яривал өндрийн циклон үүснэ. Өөрөөр хэлбэл үүлэн хуйлраа үүсэж эргэлдэнэ гэсэн үг.
Төвийн аймгуудын нутгийн хөрс чийгтэй болсон учраас орсон бороог шингээх чадвар багассан байгаа. Тиймээс төвийн бүс нутгаар орох бороо ч үерийн аюул дагуулах эрсдэлтэй байгааг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэллээ.
Мөн "Агаарын температур энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан. Энэ үеэр Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, өдөртөө 20-25 градус хүрнэ.
Говийн бүс нутгаар шөнөдөө 17-22, өдөртөө 31-36 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 15-30 градусын дулаантай байхаар байгаа.
Гол мөрний мэдээний тухайд Сэлбэ, Санзай, Дамбадаржаа орчимдоо үерийн түвшнийг 5-10 сантиметр даван үерлэсэн байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!