ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсын хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны 138.5 мянган хүүхдийн 42 хувь нь аюултай ажил хийж байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан "Хүүхдийн хөдөлмөрийн асуудал" сэдэвт зөвлөгөөн өнөөдөр болж байна.  

Энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 182 дугаар конвенц батлагдсаны 25 жилийн ой тохиож байгаагаараа онцлог болж байгаа аж. 


Үндэсний статистикийн хорооноос 2021-2022 хооронд улсын хэмжээнд хийсэн хүүхдийн хөдөлмөрийн судалгааны үр дүн /Тус судалгааны дэлгэрэнгүйг өнгөрсөн жил мөн танилцуулж байв./

Улсын хэмжээнд 5-17 насны 138.5 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа буюу манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 16.3 хувьтай гарчээ. 

Хот суурин газарт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд 10.2 хувьтай байгаа бол хөдөө орон нутагт 30 хувьтай гарсан байна.

138.5 мянган хүүхдийн 58.2 мянга нь буюу 42 хувь нь аюултай ажил хийж байна гэсэн үр дүн гарчээ. 

Мөн хүүхдийн хөдөлмөрт оролцож байгаа хүүхдүүдийн 11.2 мянга буюу 8.4 хувь нь цалин хөлс орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлсэн байна. 

Түүнчлэн уг судалгаагаар 1,200 хүүхэд морин уралдаанд оролцдог гэх дүн гарчээ. Морины уралдаан хүүхдийн эрүүл мэндэд маш аюултай байдаг учраас 18-аас доош насны хүүхдийг оролцуулахгүй байх уриалгыг олон улсын байгууллагаас зөвлөгөөний үеэр гаргав. 

2020 онд АНУ-ын Төрийн Департамент болон Монгол Улсын Засгийн Газар хооронд байгуулсан хүүхэд хамгааллын компакт түншлэлийн гэрээний хүрээнд "Хүүхэд хамгааллын компакт хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" гэх төслийг хэрэгжүүлж байгаа аж. 

Энэ төслийн хүрээнд хүүхдийн бэлгийн мөлжлөг болон хөдөлмөрийн мөлжлөгийг устгахад чиглэсэн ажлуудыг хийж байгаа юм байна. 

2024 оны нэгдүгээр сард Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь хүүхдийн хөдөлмөрийг устгахад ахиц дэвшил болсон гэдгийг албаныхан онцолж байв.