СУДАЛГАА: Манай улсад 14 болон түүнээс дээш цагаар ажилладаг 2,049 хүүхэд байна
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны 2021-2022 онд хийсэн хүүхдийн хөдөлмөрийн судалгааны урьдчилсан тоон мэдээлэл дээр үндэслэн Монгол Улсын хүүхдийн хөдөлмөрийг устгахад гаргаж буй ахиц, дэвшлийн талаар хэлэлцэх бодлогын зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Уг судалгаа нь зөвхөн өрхөд суурилж хийгдсэн бөгөөд өрх үүсгээгүй, зорилтод бүлэгт хамаарч буй хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлдэг болон гуйлга гуйж буй хүүхдүүдийн тоон мэдээлэл байхгүй аж.
5-17 насны хүүхдүүдийн 16.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Монгол Улсад 5-17 насны 138 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 58 мянга нь тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байна. 14 болон түүнээс дээш цагаар ажилладаг 2,049 хүүхэд байна.
Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн тоо 2002 оноос хойш өссөөр байна
Хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдийн эзлэх хувь 2012 онд 7.4 хувь байсан бол сүүлийн 10 жилд нэмэгдэж 2022 онд 16.2 хувь болжээ.
Бүх насны бүлэгт охидтой харьцуулахад хөвгүүд ихээр хүүхдийн хөдөлмөр эрхэлж байна.
Аюултай ажил эрхэлж буй хүүхдүүдийн ихэнх нь хөдөө амьдарч байна
Ажил эрхэлж буй хүүхдүүдийн ихэнх нь том мал, тэжээвэр амьтадтай харьцаж эсвэл өтөг, бууц, ялгадастай орчинд ажиллаж байсан тул аюултай ажил эрхлэлтэд тооцогджээ.
Хөдөлмөр эрхэлж буй болон аюултай ажил эрхэлдэг хүүхдүүдийн ихэнх нь хөдөө амьдарч байна.
Аюултай ажил эрхэлж буй хүүхдүүдийн 29.1 хувь нь эмнэг сургах эсвэл хурдны морь унах, хурдны морь уяхад туслах үйл ажиллагаанд оролцдог бол дийлэнх буюу 37.9 хувь нь ачаа өргөж, зөөх, буулгах ажил хийж байна.
5-17 насны хүүхдүүдийн 24.4 хувь нь эдийн засгийн үйл ажиллагаа буюу бусдын эсвэл өөрийнхөө хэрэглээнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг хийж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




