Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны зургаадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
БНАЛАУ-ын ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлалаар Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд дараах баримт бичгүүдийг баталжээ.
“ЭРҮҮЛ МЭНД, АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”
Талууд өөрийн улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Ялангуяа оношилгоо, эмчилгээний арга, технологи, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцоно.
“МОНГОЛ УЛСААС БНАЛАУ РУУ ҮХЭР, АДУУ, ХОНЬ, ЯМААНЫ МАХ ЭКСПОРТЛОХ, АМЬТНЫ ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”
Монгол Улсаас БНАЛАУ-д экспортлох үхэр, адуу, хонь, ямааны махны “Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-ний загвар, нөхцөл, шаардлагаа харилцан тохиролцож баталгаажууллаа. Ингэснээр хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ мах экспортлох боломж бүрдэж байна. Тус баримт бичгийг 2023 онд байгуулсан Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгууллаа.
“ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ, БНАЛАУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах, судалгаа хийх замаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Төрийн тэргүүн нар хэлэлцээ хийх үеэр хоёр орны хооронд байгуулсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу зорчигч болон ачаа тээврийн хамтын ажиллагааг эхлүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
БНАЛАУ нь 2024 онд АСЕАН-ыг даргалах болсонд ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох хүсэл эрмэлзлийг Лаос улс үргэлжлүүлэн дэмжихээ нотолсонд талархал илэрхийлэв гэж ЕТГ-ын ХМА-наас мэдээллээ.
Монгол Улсын зүгээс Лаос улсын ерөнхийлөгчийн өргөөнд байршуулах хивсийг хүлээлгэн өгчээ.
Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн айлчлал өнөөдөр өндөрлөнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!