Уншиж байна ...

ЕБС-ийн орчинд хог хаягдлыг ангилан ялгах зорилготой RE+School хөтөлбөр амжилттай хэрэгжив

ikon.mn
2024 оны 5 сарын 28
IKON.MN

Зориг Сангийн 14 дэх удаагийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн залуусын санаачлан хэрэгжүүлсэн Сургуулийн орчны хог хаягдлыг бууруулах "Re+School" төсөл амжилттай хэрэгжиж, хаалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа. 

зураг
 

Төслийн зорилго нь ЕБС-н багш сурагчдад Хог Хаягдлыг Ангилах Дадал Зуршлыг технологийн тусламжтай бүтээлчээр бий болгох ба үүний үр дүнд хүүхэд багачуудыг хоггүй эрүүл орчинд амьдрах, байгаль орчныг хайрлах сэтгэлийг багаас нь суулгах зорилготой юм.

Уг хөтөлбөрийн  хүрээнд Улаанбаатар хотын 9 сургууль, хөдөө орон нутгийн 3 сургуулийн эко клубийн нийт 150 сурагч хамрагдсан байна. Хөтөлбөрийн оролцогчид нь зургаан долоо хоногийн хугацаанд хог хаягдлыг ангилан ялгах процесс, дахин боловсруулалтын шат дамжлага, тойрог эдийн засгийн ач холбогдол зэрэг хог хаягдлын менежментийн талаарх сургалт, семинарт хамрагдахын зэрэгцээ карьер хөгжлийн байгууллагаас мэргэжил сонголтын чиглэлээр заавар, зөвлөгөө авсан билээ.

Хамгийн гол нь сурагчид өөрсдийн гараар бүтээлч хогийн сав урлах, хуванцар сав цуглуулах тэмцээнд оролцсоноор нь дээрх мэдлэгээ бататгаж, сургууль дээрээ бодитоор хэрэгжүүлсэн нь сайшаалтай юм. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургууль хоорондын тэмцээнд нийт 12 сургууль өрсөлдсөн ба дараах 3 сургууль шилдгээр шалгарсан байна. Үүнд: 

  • 1-р байр: “Нийслэлийн Ерөнхий Боловсролын 19-р сургууль”- 352,2 кг хуванцар; 
  • 2-р байр: “Оюунлаг дунд сургууль”- 132 кг хуванцар; 
  • 3-р байр: “Нийслэлийн Ерөнхий Боловсролын 67-р сургууль”- 112 кг хуванцар тус тус цуглуулсан байна.  

Уралдааны ялагчаар шалгарсан 3 сургуульд батламж, мөнгөн шагнал болон ангилан хаях хогийн савыг шахагч төхөөрөмжийн хамт гардууллаа. 

зураг
 
зураг
 
зураг
 

Хөтөлбөрийн талаарх сэтгэгдлүүд:

Зориг Сангийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Маргад:  

Зориг сангийн 14 дэх удаагийн “Байгаль Орчны Манлайлал” хөтөлбөрийн 6 залуус маань Монгол тэмүүлэл сургуулийн “Adoler” багийн сурагчидтай хамтран “Re+School” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 10 гаруй сургуулиуд хамрагдсан бөгөөд 6 долоо хоногийн турш сургалт, семинар, сорил, даалгавраа гүйцэтгэсний дараа өнөөдөр үр дүнгээ хуваалцахаар 70 орчим хүүхэд хаалтын эвентэд хүрэлцэн ирсэн байна. Хог хаягдлыг ангилан ялгах зөв дадал зуршлыг хүүхдүүдэд багаас нь төлөвшүүлэхийн сацуу дараа дараагийн үедээ өвлүүлж явах энэхүү өөрчлөлтийн эхлэл болсон залуучууддаа баяр хүргэе. 

зураг
 

19-р сургуулийн “Ногоон төгөл” эко клубийн гишүүн Г.Өнөржаргал:  

Бид бүгд хогоо ангилах хэрэгтэй талаар мэддэг, бидний эргэн тойронд ангилдаг хогийн сав байдаг боловч өдөр тутамдаа хогоо ялгаж хаяхгүй байгаа нь хамгийн том тулгамдсан асуудал болж байна. “Re+School” хөтөлбөр нь энэ асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа олж өгсөн гэж бодож байна. Мөн манай клубийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд их нөлөө үзүүлсэн. Бид клубээрээ нэг их үйл ажиллагаанд оролцдоггүй байсан ч энэ хөтөлбөрт оролцсоноороо нэгдэж, нэг баг шиг ажиллаж чадсан. Энэхүү хөтөлбөрийг зохион байгуулсан ах эгч нартаа баярлалаа. 

зураг
 

Төслийн хамтран ажиллагч MCS Coca Cola компанийн олон нийт, мэдээлэл харилцааны ажилтан Г. Түвшинбилэг:  

MCS Coca Cola компани 2030 он гэхэд үйлдвэрлэсэн бүх ус ундааны саваа дахин боловсруулдаг болно гэсэн зорилт тавин ажиллаж байгаа. Мэдээж бүх хуванцраа ангилж, цуглуулж, дахин боловсруулахад оролцогч талууд маш чухал үүрэгтэй. Тиймээс та бүхэн хогоо ангилдаг болсноор бидний байгальд ээлтэй байх энэ ажилд маш том хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг дурдахад таатай байна.

Зөвхөн энэ төсөл хөтөлбөрөөр зогсох биш цаашдаа үргэлжлүүлэн хогоо ангилж, дүү нартаа ч мөн энэ чиглэлээрээ үлгэр жишээ болон сургаад яваасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Та бүхэндээ баярлалаа. 

зураг
 

RE+ төслийн алсын хараа нь цаашид Монгол улсын бүх ЕБС-г хөтөлбөртөө хамруулах бөгөөд энэхүү зорилгодоо хүрэхийн тулд “Сургуулийн орчинд хог хаягдлаа хэрхэн ангилан ялгах вэ?” нэртэй гарын авлага болон www.reschool.mn веб сайтыг тус тус бүтээсэн юм. Эдгээр эх сурвалжийг ашиглан бүх сургуулийн сурагчид хогоо зөв зохистойгоор ангилан хаях дадлыг үргэлжлүүлэн хэвшүүлэх бүрэн боломжтой гэж бид харж байна.  

Төслийн үр дүнд нийт зургаан долоо хоногийн хугацаанд сурагчид сургууль орчимдоо нийт 976 кг хуванцрын хаягдал буюу 48758ш хуванцар хог хаягдлыг цуглуулсан ба энэ нь:  

  • 286,045 литр ус  
  • 5861.5кг CO2 ялгарахаас сэргийлсэнтэй тэнцэж байгаа юм. 
зураг