Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлыг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 2022 оны гуравдугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо. 

Тус мэдээлэл нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой юм. 

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу эцэслэн шийдвэрлэх, шаардлагатай. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг хууль тогтоомжид нийцүүлэн олон улсын гэрээний түвшинд шинэчлэх, “Татварыг давхар ногдуулахгүй, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу уг хэлэлцээрт өөрчлөлт оруулах замаар үүссэн асуудлыг шийдвэрлэх талаар санал гаргасан.

Мөн уг асуудлыг Хамтарсан Ажлын хэсгийн түвшинд гэрээг шинэчлэх талаар хоёр талын уулзалт, хэлэлцээрийн үед шийдвэрлэхээр төлөвлөж байна" гэв.

"Орон нутгийн болон төрийн бус байгууллагуудын эсэргүүцэл үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгож байна"

зураг
 

Түүнчлэн үүсээд буй нөхцөл байдлын талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал "2012 онд батлагдсан төлөвлөгөөнд жилдээ 1.5 сая тонн түүхий тос олборлохоор тусгагдан батлагдсан.  

Үүнд үндэслэж шинээр байгуулах газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийгээд жилдээ 1.5 сая тонн түүхий тос олборлож, шатахуун, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Үүнээс хойш 2015 онд хамгийн их буюу жилдээ 1.1 сая тонныг олборлосон.

Түүнээс хойш олборлолт байнга буурсан. Манай Засгийн газар, төрийн байгууллагуудаас бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ нэмэлт, өөрчлөлтийг хийе гэсэн шаардлагыг тавьж байгаа.

Татварын ерөнхий газраас өнөөдрийн байдлаар 436 тэрбум төгрөгийн акт тавьчихсан байгаа. НДЕГ-аас тавигдсан 4.7 тэрбумын актыг хүчээр биелүүлсэн. Үндэсний аудитын газраас 66.5 тэрбум төгрөгийн акт тавигдсан байгаа. Эдгээр нь олборлолт багасахад нөлөөлсөн.

Өөр нэг шалтгаан нь АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудал. АМНАТ-тай холбоотой асуудлыг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Үүнээс гадна орон нутгийн болон төрийн бус байгууллагуудын эсэргүүцэл үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгож байна. Түүнчлэн технологийн гол ажлууд хийгдээгүйгээс энэ жил 583 мянган тонн тос олборлосон.

Энэ байдлаар цаашид үргэлжилбэл 2027 онд газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход жилдээ 300 мянган тонн тос олборлох дүр зураг харагдаж байгаа юм. Тийм учраас бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлыг шийдэж, одоо хөрөнгө оруулагч компанитай эцсийн байдлаар тохирох шаардлагатай" гэв.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар