Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн өдрийг өөрчлөх шаардлагатай юу?

ikon.mn
2024 оны 3 сарын 27
IKON.MN
Зураг зураг

1639 онд Өндөр гэгээн Занабазарыг анхдугаар Богд Жавзандамба хутагтаар өргөмжилж орд өргөөг нь байгуулж, даншиг наадам хийснээр Улаанбаатар хотын үндэс суурь тавигдсан гэж тооцож жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн өдөр, Улаанбаатар хотын ойг тэмдэглэдэг.

Тэгвэл зарим түүх судлаачид энэ өдрийг тухайн түүхэн үйл явдалтайгаа авцалдахгүй байна гэж үзэж байна. Тухайлбал түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр “Монголын гээгдсэн түүхүүд” цуврал нэвтрүүлгээрээ “Өндөр гэгээн Занабазарыг Богд Жавзандамба хутагтаар өргөмжилж, орд өргөөг нь байгуулж, даншиг наадам хийсэн гэхээр хүйтэн сэрүүн цагт хийгээгүй, зун  хийсэн байж таарна” гэж ярьжээ.

Энэ асуудлыг Улаанбаатарын түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан судлаач Г.Очбаяраас тодруулсан юм.

Тэрбээр “Ардчилсан хувьсгалын дараа 1994 онд Улаанбаатар хотын ойг тэмдэглэсэн. Ойн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын дарга нар болон түүх судлаачид уулзаад ер нь Улаанбаатар хотыг хэзээ үүсэн байгуулагдсан гэж тооцож тэмдэглэх ёстой юм бэ гэдэг асуудлыг хэлэлцсэн байдаг. Ингээд Улаанбаатар хотын үүссэн түүхийг 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг анхдугаар Богд Жавзандамба хутагтаар өргөмжилж орд өргөөг нь байгуулсан цагаас тооцож тэмдэглэх нь зүйтэй юм гэсэн шийдэлд хүрээд 1994 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын 355 жилийн ойг тэмдэглэсэн түүхтэй. Яагаад 10 дугаар сарын 29-ний өдрийг сонгосон бэ гэвэл Өндөр гэгээн Занабазарыг яг хэдэн сарын хэдний өдөр Халх Монголын бурхны шашны тэргүүнээр өргөмжилсөн тухай түүхийн эх сурвалжид байдаггүй. Тийм учраас тодорхой нэг өдөр сонгох шаардлагатай болсон.

11 дүгээр сарын 26-ны өдрийг сонгох гэхээр улс тунхагласан, үндсэн хууль баталсан өдөртэй давхцаад байсан учраас Улаанбаатар хотын удирдлага болон түүх судлаачид хоорондоо зөвлөлдөж байгаад 11 дүгээр сарын 26-ны өдрийг билгийн тооллоор нь тооцож тэмдэглэхээр шийдсэн. 11 дүгээр сарын 26-ны билгийн тооллын өдөр нь 10 дугаар сарын 29-ний өдөртэй таарч байгаа юм.

Улсын анхдугаар их хурлын тэмдэглэлд “Монгол улсын 14-р он. билгийн тооллын 10 дугаар сарын 29-ний өдөр” гэж монгол үсгээр бичсэн байдаг. Энэ өдрийг үндэслэж 10 дугаар сарын 29-ний өдрийг сонгож авсан. Өөрөөр хэлбэл аргын тооллын 11 дүгээр сарын 26-ны өдөр Үндсэн хуулийг баталсан. Бас улсын нийслэлийг Улаанбаатар хот гэж нэрлэсэн. Энэ нь билгийн тооллоороо 10 дугаар сарын 29-ний өдөр юм” гэсэн хариултыг өглөө.

 

Эх сурвалж: youtube.com/CZgceyoutube.com/LJI9QLF