Уншиж байна ...

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-оос тодотгов.

Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын аянд нэгдэж байгаа. Хаана хандаж, хандив өгөх талаар ихээр асууж байна.

ОБЕГ-ын албан ёсны сайт дээр өвөлжилт, хаваржилтын хариу арга хэмжээнд нэгдэж байгаа ААН, байгууллагуудын хандивын дансыг албан ёсоор байршуулсан бий" гэв.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

  • Хүйтний эрч эрс нэмэгдэж, хүчтэй цасан шуурга олон хоног үргэлжилсний улмаас малын хорогдол нэмэгдэж байна. Малыг ямар байдлаар тэжээж зудаас авч үлдэх талаар ХАА-н эрдэмтэн, судлаачид зөвлөгөө өгч ажиллаж байна.
  • Аймаг, орон нутгийн нөөцөөс хивэг тэжээлийг айл өрхүүдэд түргэн шуурхай хүргэхээр зохион байгуулж байгаа.
  • Аливаа нөөц хязгаарлагдмал. Тэжээлийн будааг малчдад хүргэхэд нэмэлт нөөцүүдийг зарцуулна.
  • 2023 оны арванхоёрдугаар сард улсын нөөцөөс 9.2 мянган тонн малын тэжээлийг 21 аймагт хүргэсэн. 
  • 14,000км орчим замыг гаргасан ч хоёрхон цагийн цасан шуурга дарж байгаа юм. Аль болох шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа.
  • Гурил, тэжээлийн дотоодын хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор импортын татварыг чөлөөлөх асуудлыг УИХ шийднэ.
  • Петровис, УБТЗ ХНН, MCS компани болон холбогдох төрийн байгууллагууд бэлэн мөнгөний хандив өгсөн. Хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана. Хандив, тусламжийн хөрөнгийг нэн шаардлагатай байгаа хэсэгт зарцуулна. Алба хаагчид орон нутагт дайчлагдан ажиллаж, айлууд руу хүнс, хивэг тэжээл хүргэх, зам гаргах зэрэг ажил зэрэг хийгдэж байгаа тул бүгдийг тайлагнана.