Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дмитрий Медведевийн сэтгэцийн эрүүл мэндэд санаа зовж байгаагаа Европын Холбоо илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч асан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев өчигдөр Украины асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Энэ үеэр тэр одоо үргэлжилж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ных нь газар зүйн цар хүрээ хаа хүрэх талаар сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

“Хаана зогсох вэ? Би мэдэхгүй байна. Аюулгүй бүс бий болгох шаардлагын талаар миний өмнө нь хэлснийг бодож үзэх юм бол бид маш шаргуу ажиллах хэрэгтэй болно. Киев хүрэх үү? Тийм. Киев хүрэх ёстой байх. Одоо биш юмаа гэхэд хэсэг хугацааны дараа, энэ мөргөлдөөний өөр нэг үе шатанд хүрэх ёстой” гэж Медведев хэлжээ.

Тэрбээр Киев хотыг эзлэн авах хоёр шалтгаан байгааг тайлбарласан байна. Нэгд, Киев нь Оросын хот, хоёрт, Орос улсын оршин тогтнолд учирч буй аюул занал эндээс гарч байгаа тул гэж тэр дүгнэжээ.

Тэгвэл өчигдөр Европын Холбооны гадаад бодлогын алба Медведевийн ярьсан зүйлд хариулт өгсөн байна.

Медведевийн хэлсэн үгний талаар байр суурийг нь асуухад Европын Холбооны гадаад бодлогын хэвлэлийн төлөөлөгч Петр Стано “Бусдын анхаарлыг татахыг хичээж буй хүмүүс, ялангуяа хоёрдугаар хүмүүсийн хачирхалтай мэдэгдлүүдэд бид тайлбар өгдөггүй. Хэдийгээр тухайн хүн сэтгэцийн эрүүл мэндийн байдлаа олон нийтэд дэлгэн харуулж байгаа нь гайхмаар ч 'мэргэжлийн эмчээс тусламж, зөвлөгөө авах хэрэгтэй’ гэсэн ганцхан зүйлийг би энд хэлж чадахаар байна” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: ТАСС, europa.eu