Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны зоорийн болон нэгдүгээр давхарт шингэрүүлсэн хий ашигладаг иргэн, ААН-үүдийг шалгахад 3,441 зөрчил илэрчээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцны зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3,441 зөрчлийг илрүүлж, 835 зөрчил буюу 24.2 хувийг газар дээр нь арилгуулжээ. Бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, зөвлөмжийг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.

зураг
 
ОБЕГ

Шалгалтын явцад

  • хийн тоног төхөөрөмжийн угсралтыг хийн аж ахуйн байгууллагын боловсруулж баталсан зураг төслөөр гүйцэтгүүлээгүй,
  • хугацаа дууссан,
  • шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа өрөө тасалгаанд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байрлуулаагүй,
  • хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллуулах талаар санамж, зааварчилгааг ил байрлуулаагүй,
  • хий алдагдал илрүүлэх, дохиолох багаж хэрэгсэлгүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлага болоод галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн 30 иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 17.2 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, хоёр иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.