Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилго дор өнгөрсөн хавар "Jet Sharing Mongolia" ХХК санаачлан "Ninebot" брэндийн 3,075 скүүтерийг худалдан авч, нийслэлийн иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлсэн билээ.
Тэгвэл энэ жил скүүтер түрээсийн үйлчилгээ үргэлжлэх эсэх мөн ямар шинэчлэлт хийж байгаа талаар "Jet Sharing Mongolia" ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашнямтай ярилцлаа.
- Энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
- Сайн байна уу. Миний хувьд бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Хувийн хэвшил болон харилцаа холбооны салбарт 16 жил ажиллаж байна. Одоо "Жимобайл" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг.
- Улаанбаатарын түгжрэлийг бууруулах нэгэн шийдлийг та цахим хуудсаараа зарласан нь "Jet scooter" байсан. Түгжрэлийг скүүтерээр "сөрөх" шийдлийг та хэрхэн олж байв. Энэ талаараа ярьж өгөөч?
- Би 2023 оны хоёрдугаар сард хувийн ажлаар Казахстан улсад явж байгаад "Дижитал Алматы-2023" олон улсын форумд оролцсон юм. Энэ үеэрээ түрээсийн скүүтерийн бизнес эрхэлдэг залуучуудтай танилцаж, анх санаагаа олж байлаа. Ингээд "Jet Sharing"-тэй гуравдугаар сард хамтарч ажиллах гэрээгээ байгуулж, Монголдоо хэрхэн оруулах вэ гэдэг ажилдаа орсон. Тавдугаар сард оруулж ирнэ гэж тооцоход хоёрхон сар буюу тун богино хугацаа байсан. Тэгээд хаана бэлэн скүүтер байгааг судлаад, дээрээс нь "Jet sharing"-н аппликэйшн Монголд ажиллах уу, аль төлбөрийн системийг сонгох уу гэх мэт олон асуудал байсныг шийдсэн.
Ингээд худалдаж авсан скүүтерүүдээ тавдугаар сарын дундуур буюу дулаан орох үеэр Улаанбаатар хотын хэдэн цэгт байршуулж, хэд хоног туршилт явуулсан. Туршилт ч амжилттай болж, зургаадугаар сарын 2-нд нээлт хийсэн байдаг. Ингэж л “Ninebot” брэндийн скүүтерийг Улаанбаатар хотдоо бүрэн нэвтрүүлсэн. Товчхондоо гэвэл ийм түүх байна.
"Jet Sharing" нь есөн орны 30 хотод үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улс ес дэх улс, Улаанбаатар хот 29 дэх хот нь болсон.
- Эхэндээ хулгайн асуудал гарч байсныг санаж байна. Энэ асуудал хэр удаан үргэлжилсэн бэ цэгцэрч чадсан уу?
- Тухайн үед манай үйл ажиллагаа хариуцсан залуучууд "ийм хулгай боллоо, Инновацлаг зүйлийг Монголд оруулаад ирж байхад ийм хулгай байж болохгүй, олон нийтэд мэдээлье" гэсэн юм. Би ч хувьдаа тийм зүйлээс хол байдаг болохоор хамаагүй бичлэг, зураг нийтэлж байгаад ард түмэндээ загнуулах вий гэж болгоомжилж байсан хэдий ч мэдээлбэл хулгай буурна гэдэгт залуучууд маань итгэлтэй байсан болохоор хэлснээр нь дагасан. Тэгээд л эхэн үедээ ийм хулгай боллоо гэж мэдээлээд хүмүүсийг хоёр хувааж байсан. Энэ нь огт маркетинг байгаагүй, хулгайг л болиулах гэсэн санаа байсан.
- Мэдээлэл түгээж байсны үр дүнд хулгайг хэр бууруулж чадсан бэ?
- Эхний хоёр, гурван сар үнэхээр хэцүү байсан. Бид ч эхний удаадаа л хулгай, эвдрэлийн талаар мэдээлнэ гэх бодолтой байсан. Үр дүнд нь хулгай нэлээн багассан. Манай скүүтерүүд GPS-тэй учраас хулгайлсан ч тэр дор нь олох боломжтой. Хулгайд алдсан ихэнх скүүтерээ олж авсан. Гэхдээ хулгайгаас илүү эвдрэл их гарсан.
- Хулгайгаас илүү эвдрэл их байсан гэлээ. Хэр хэмжээний хохирол амссан бэ. Эвдэрсэн скүүтерүүдээ яасан бэ?
- Бид өнгөрсөн жилийн 6-10 сар хүртэл ажилласан. Манай зам муу, дугуйн зам байхгүй байна. Явган хүний зам нь бас скүүтер, рольк, дугуйтай явахад хэцүүхэн. Бас стандартын бус буюу тоосгоор хийгдсэн явган хүний замуудтай болохоор доргилт үүсгэдэг зэргээс болоод олон скүүтер эвдэрсэн. Оны сүүлээр харахад л маш их эвдэрсэн байсан.
Нийт 3,075 скүүтерийн 90 хувь нь унахын аргагүй болоод эвдэрч муудсан байсан.
Сая та бүхний харсан агуулахад шинэ сэлбэгүүд ирсэн байгаа. Манай залуучууд эвдэрсэн скүүтерийг бүгдийг нь бүтэн сервист оруулж, шинэ сэлбэгээр сольж, засаж янзалж байгаа. Тухайлбал их бие нь их эвдэрсэн тул шинээр сольж байх жишээтэй.
- Нийслэлчүүд скүүтерээр зорчдог болсноор ямар бодит үр дүн гарсан бэ?
- Түгжрэлийг, агаарын бохирдлыг бага ч гэсэн бууруулахад тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна. Скүүтерүүд маань нэг сая аялал хийсэн байна лээ. Ямар ч байсан дулааны улиралд нийслэлийн иргэд заавал машинд сууж, шатахуун шатааж агаар бохирдуулахгүй гэсэн үг.
- Энэ жил түрээсийн скүүтерийн үйлчилгээгээ хэзээнээс явуулж эхлэх вэ. Шинэ онцлог зүйл бий юу?
Шинээр авч байгаа 3,000 скүүтерийн тал нь ирчихсэн байна. Сая хэлсэнчлэн шинэ скүүтерүүд бүгд амортизатортай. Үнэтэй хэдий ч Улаанбаатарын замд амортизатортай л хэрэгтэйг ойлгосон.
Хоёрдугаарт шинээр оруулж ирж байгаа скүүтерүүд бүгд зөөврийн батарейтай. Өмнөхүүд нь зөөврийн батарейгүй байсан болохоор заавал машинаар зөөж, агуулахад авч ирээд цэнэглэчхээд, буцааж байршуулж байсан. Зөөврийн батарейтай байна гэдэг нь бидний ажлыг, цагийг, мөнгийг хэмнэнэ гэсэн үг.
Гуравдугаарт аппликэйшндээ тохиргоо хийж, монгол хэл дээр болгосон. Одоогийн байдлаар Аndroid үйлдлийн системд монгол хэлээр болчихсон, дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө iOS-д оруулна.
- Түрээсийн төлбөрийн хувьд иргэд бас үнэтэй байна гэж хэлдэг. Энэ удаа төлбөрийн хувьд ямар байх вэ?
- Өнгөрсөн жилээс хойш иргэд үнэтэй байна гэж шүүмжилж байгаа. Боломж олдсон дээр нь тайлбар өгмөөр байна.
Хүмүүс скүүтерийг такситай харьцуулаад буруу ойлгоод байна. Такси, скүүтер хоёр нь тэс өөр хоёр зүйл. Скүүтер бол хэдхэн жилийн өмнөөс дэлхий даяар хэрэгжиж эхэлсэн шинэ инновацлаг санаа. Таксиг түгээдэггүй, хураадаггүй, цэнэглэдэггүй, түүж байршуулахаар 30, 40 хүнийг ажиллуулдаггүй, өдөр бүр угаалга үйлчилгээнд оруулдаггүй шүү дээ. Дээрээс нь асар их мөнгө сэлбэгт явж байна. Зам нь сайхан байсан бол эвдрэл бага, зардал бага гарах байсан байх. Бас яг улирал эхлэхээр манай компанид 200 гаруй хүн ажилладаг юм. Аль болох хамгийн бага үнээр л төлбөрийг гаргана.
Хүмүүс "Jet Sharing"-ийнхэн их мөнгө олж байгаа гэж боддог байх. Тийм биш. Бас л зээлээс зээлийн хооронд явж байна. Бизнесмэн хүний хувьд хэдэн жилдээ зардлаа нөхөхийг л хүснэ. Тэглээ гээд ашгийн төлөө улайрсан зүйл огт байхгүй. Хэдэн сая ам.доллароо гудамжинд тавьчхаж байгаагаас ялгаагүй. Гэхдээ аль болох хамгийн бага үнээр л төлбөрийг гаргана.
Өмнө нь ч хэлж байсан хамгийн гол зорилго нь залуу хүний хувьд, нийгэмд оролцоотой байхыг хүсдэг бизнесмэний хувьд, Улаанбаатар хотдоо төрж өссөн иргэний хувьд түгжрэлтэй тэмцэхэд нэмэр болох санаа гаргачих юм сан гэсэн хүсэл дотор маань дандаа байсан. Тиймдээ ч энэ санааг гаргаад, хэрэгжүүлээд явж байгаадаа их баяртай байдаг.
Улаанбаатар хот маань хурдан хөгжөөсэй гэж л хүсдэг. Ажлаар болон хувийн шалтгаанаар гадагшаа явах бүрдээ Монголдоо оруулчихвал гэсэн бодол байдаг. Миний болон манай компанийн зорилгуудын дотор түгжрэлийг 100 хувь зогсоож чадахгүй юм аа гэхэд бууруулахад нь жаахан ч гэсэн эс нь байгаасай гэж хүсэж байна. Хойш үе маань тэгээд тэдэн онд тэр залуучууд түгжрэлтэй тэмцээд ийм хувиар бууруулж байсан гээд ярих нь мөнгөнөөс илүү чухал.
- Хэрэглэгчдийн хувьд бас аюулгүй байдлаа хангах хэрэгтэй?
- Манай скүүтерийг 18-аас доош насныхан түрээсэлж чадахгүй. Яагаад гэвэл мобайл банктай болохын тулд 18 нас хүрсэн байх ёстой. Тэгэхээр насанд хүрээгүй хүүхэд унаад явж байвал цэвэр ээж аавынх нь хариуцлага.
Мөн манай улсын зам тээврийн стандарт, дүрэм журамд скүүтертэй холбоотой холбоотой хууль байхгүй байгаа. Цаашид Зам тээврийн яам холбогдох байгууллагууд ямар дүрэм журам гаргаж ирэхийг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар бидний зүгээс иргэдэд малгай өмсөх зэргээр болгоомжтой байхыг өөрсдийн хэмжээнд анхааруулж, санамж зөвлөж өгч зөвшөөрлийг нь авдаг.
- Танай компанийн хувьд дараагийн шатанд төлөвлөж байгаа зүйлс юу байгаа вэ?
- Он гарснаас хойш миний өдрийн бодол шөнийн зүүд гэдэг шиг бодож яваа нэг зүйл бол цахилган такси компани байгуулах явдал. Учир нь цахилгаан тээврээрээ дагнах нь миний зорилго байгаа юм.
Хятадын машины үйлдвэрүүд өнөөдөр цахилгаан машины хувьсал хийж байна. Цагаан сарын дараа цахилгаан тээвэр судлах багаараа тус улсыг зорьж, машин үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байна. Дэд бүтцийг нь бий болгох боломж нь байгаа учраас бид судалж байна. Би ганцаараа ажилладаггүй, бүх талын тооцоо судалгаа гаргадаг залуучууд хамт ажилладаг. Мөн цахилгаан тээврийн хэрэгслийг таниулаад зогсохгүй цахилгаан станцуудын хэд хэдэн компаниудтай уулзаж, цахилгаан машинаа цэнэглэх боломжоор хангах, зөвлөгөө мэдээлэл өгдөг, сервис үзүүлдэг цогц үйлчилгээ үзүүлдэг компани байгуулахыг ямартай ч зорьж байгаа. Энэ нь мөн агаарын бохирдолтой тэмцэх бас нэг хэлбэр гэж бодож байна.
- Ярилцсанд баярлалаа.
- Баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!