Цахим орчинд нийтлэгдсэн эрүүл мэндийн зөвлөгөөг дагах, мэргэжлийн бус хүний санал болгосон зөвлөмжийг турших зэргээр өвчнөө улам хүндрүүлдэг тохиолдол иргэдийн дунд байна.
Энэ асуудлын хүрээнд Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн арьсны эмчээс тодрууллаа.
-Мэргэжлийн эмчид хандахаас илүү олон нийтийн сүлжээнд тавигдсан зөвлөгөөнд итгэснээс үүдэн иргэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байна. Ийм шалтгаанаар өвчнөө улам хүндрүүлж ирдэг тохиолдол Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвд хандаж буй үйлчлүүлэгчдийн дунд хэр их гардаг вэ?
-Тодорхой тоо хэлэх боломжгүй ч эмч нарын өдөр тутмын үзлэг, оношилгооны үеэр ийм тохиолдол гардаг. Хувь хүн ноцтой асуудал гараагүй л бол дур мэдэн хэрэглэсэн эм, эмчилгээний аргаа үнэн, зөв хэлдэггүй.
Манай эмч, эмнэлгийн ажилчдын хувьд үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг үзээд үзлэг, оношилгоо хийхэд л төвлөрч байна. Ачаалал ихтэй байдаг тул судлаачийн байр сууринаас байнга ажиллаж чаддаггүй. Эмчилгээ оношилгоонд түлхүү анхаардаг.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс хүмүүс янз бүрийн эрүүл мэндийн зөвлөгөө авч байна. Анхааруулахад энэ бол цэвэр үйлчлүүлэгчийн өөрийнх нь хариуцлагын асуудал. Фэйсбүүк дээр сайн гэж сурталчилж байгаа нь мөнгө олох гэсэн арга. Эмчлэх эрх зөвхөн эмч нарт л бий.
-Дур мэдэн эмчилгээ хийх нь олон төрлийн сөрөг нөлөөг бий болгох болов уу?
-Арьсны өвчний тухайд хэлэхэд 3,000 гаруй төрлийн арьсны өвчин байдаг гэж үздэг. Эмч нар олон жилийн туршлагадаа үндэслэн зонхилон тохиолдож буй өвчлөлийн оношийг тавина.
Тэдгээр 3,000 гаруй арьсны өвчний ихэнхийг нь үзлэгээр шууд хараад мэдэх боломжгүй. Иймд оновчтой оношилгоо, шинжилгээ хийсний дараа хооронд нь ялган оношилно.
Арьсны өвчин ил харагддаг болохоор зарим иргэн дур мэдэж тос авч түрхэх зэргээр өөрийгөө эмчлэх гэж оролддог. Хэн нэгнээс сайн гэж сонссон болгоныг турших гэдэг хандлага монголчуудад ажиглагддаг.
Мөн антибиотикийн замбараагүй хэрэглээ маш их. Энэ нь зохистой эмчилгээ болохгүй, өвчнөө бүр хүндрүүлэх эрсдэлийг бий болгодог. Ядаж өрхийн эмчдээ хандах хэрэгтэй.
Эмчлэх эрх зөвхөн эмч нарт л бий. Ямар ч эмчлэх эрхгүй хүний зөвлөгөөг хэрэгжүүлээд бие дээрээ туршина гэдэг бол маш их эрсдэл. Хувь хүний мэдлэг, мэдээлэл дутмаг байгаатай холбоотой. Иймд мэргэжлийн эмч нарын зөвлөмжөөр оновчтой эмчилгээ хийлгэхийг зөвлөе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!