Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

АН: Бид шинжээчгүй сонсгол хийхгүй. Шинжээчийг томилох гэхээр МАН-ын гишүүд нь зориуд ирцээ бүрдүүлдэггүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Коронавирусийн халдварт цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалтыг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд шинжээч томилохгүйгээр Ерөнхий хяналтын сонсголыг цааш нь зохион байгуулах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлэв. Харин МАН-ын бүлгийн гишүүд товлосон хугацаандаа зохион байгуулах ёстой гэж маргаан өрнүүлэв. 

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий хяналтын сонсголыг цааш нь явуулах боломжгүй болсон тайлбар хийснийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдын үйл ажиллагаанд хэнээс ч заалгахгүйгээр хяналт тавих үүрэгтэй сөрөг хүчин. Бүх зүйлийг нууцын зэрэглэлд оруулчхаад ард түмнийг яаж тонон дээрэмдэж буйг харж байгаа. 

Улс төр хийж байна гээд хүн гүтгэж болохгүй. Цар тахлын үеэр үнэнч шударгаар өдөр шөнөгүй ажилласан хүн олон. Гэхдээ ард иргэд "АН санаачлаад, цар тахлын үеийн төсвийн зарцуулалтад сонсгол хийгээрэй" гэж шахаж байна. 

Бид шинжээчгүй сонсгол хийхгүй. Хүн гүтгэх гэж суухгүй. Ард түмний мэдэх эрхийг хангана. Шадар сайд С.Амарсайхан байхгүй, хоёр сайд нь өнөөдөр Засгийн газрын хуралдаантай гээд гараад явах гэж байна. 

Ийм үед хэн мэдэж хариулах юм. Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтгүйгээр улс төрчид бүх зүйлд хутгалдахыг болиулна. Ажлын хэсэг шинжээч гаргах гэхээр байнгын хороогоор батал гэдэг. Байнгын хорооны хуралдаан болохоор МАН-ын гишүүд нь зориуд ирцээ бүрдүүлдэггүй. 

Цар тахлын үеэр ямар ч шалгалтгүйгээр төрийн албанд томилдог, тендер зарлахгүйгээр бараа бүтээгдэхүүн шууд худалдан авах байдал ихэссэн. Зах зээлийн үнээс хэт өндөр бараа авсан ноцтой зөрчил байна. 

Нэг хүнийг найман сая төгрөгөөр яаж эмчилсэн талаар хэн тайлбарлах юм. АН-ын бүлгийн дарга өглөөний хурал дээр шинжээчгүй учир хойшлуулна гэсэн. Тэгсэн чинь одоо бүгд ирээд суучихсан. Ингэж л хүчээр юмыг хийж байна. Ийм үед сонсгол хийж болохгүй" гэж ярив. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Ерөнхий хяналтын сонсгол нь нийт иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой. Жишээлбэл МҮОНРТ эрх баригчдын гарт байна. Талбай дээр байсан хуучин ногоон автобусыг шинэ байна гэж орой бүр мэдээгээр ярьдаг. 

Өмнө нь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр П.Цэрэнпунцаг даргатай шинжээч томилуулах гээд хоёр цаг хүлээсэн. Гэтэл шинжээч томилуулах нь Эдийн засгийн байнгын хорооны эрх биш хэмээн өнөөдөр ярьж байна. 

ЖДҮ гэдэг нь 50 тэрбум төгрөг, харин цар тахал бол 20 их наяд төгрөгтэй холбоотой сонсгол болно" хэмээн ярилаа. 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнгөрсөн хугацаанд дэд ажлын хэсэг төрийн 18 байгууллага руу 25 удаа мэдээлэл хүссэн. ХЭҮК-оос бусад нь хангалттай мэдээлэл өгөөгүй. Зөвхөн вэб сайт дээрх мэдээллийг зохион байгуулалттайгаар өгсөн. 

Өнөөдөр зарлагдсан товын хүрээнд үүсээд буй бодит мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзсэн. Цар тахлын төсвийн хүрээнд 2022 онд түр хороо байгуулагдаад тарсан. Тиймээс тодорхой болгох үүднээс Ерөнхий хяналтын сонсголыг шинжээчтэйгээр, үнэн зөв мэдээлэлтэйгээр явуулах шаардлагыг тавих болно" гэв. 

Ерөнхий хяналтын сонсголын зургуудаас: