Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газар Эв Нэгдлийн сүмийн шашны байгууллагын статусыг цуцлахаар болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Эв Нэгдлийн сүмийн зохион байгуулдаг хуримын ёслол

Япон улсын засгийн газар нэг жил орчим хугацаанд мөрдөн шалгасны дараа Эв Нэгдлийн сүмийн шашны байгууллагын статусыг цуцлуулахаар шүүхэд хандах шийдвэрийг өчигдөр гаргалаа.

Ингэснээр тус сүм шашны байгууллагуудын давуу тал болох татварын хөнгөлөлтийг эдлэхээ больж, ердийн төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой юм байна.

Мөн тус байгууллагад залилуулан их хэмжээний хандив өгч хохирсон 1,550 хүний нийт 20 тэрбум иенийг буцаан төлүүлэхээр болсныг Японы соёлын сайд Масахито Морияама мэдээлжээ.

Ерөнхий сайд Фүмио Кишидагийн гаргасан шийдвэрийн дагуу дээрх байгууллагын статусыг цуцлуулах хүсэлтийг өнөөдөр буюу Баасан гарагт шүүхэд өгөхөөр болсон байна.

Өчигдөр үдээс хойш гаргасан мэдэгдэлдээ Эв Нэгдлийн Сүм “Засгийн газар өрөөсгөл мэдээлэлд үндэслэн ийм ноцтой шийдвэр гаргасанд гүнээ харамсаж байна” гэжээ.

Өнгөрсөн оны дундуур сонгуулийн кампанит ажилд оролцож байсан Японы улсын ерөнхий сайд асан Абэ Шинзо дээрх байгууллагын хохирогчийн гарт амь үрэгдсэн юм.

Энэхүү аллагын дараа Японы эрх баригчид Эв Нэгдлийн сүм шашны байгууллагын үйл ажиллагааг мөрдөн шалгаж эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд 170 гаруй хүнээс мэдүүлэг авч, тус байгууллагын хууль бус үйлдлүүдийн талаар баримт цуглуулжээ.

Одоо Токио хотын шүүх энэ мөрдлөгийн явцад цуглуулсан баримтууд дээр үндэслэн шийдвэр гаргах юм.

Мүүний шашин гэгддэг Даян Дэлхийн Энх тайван, Эв нэгдлийн төлөөх Гэр бүлийн Холбоо албан ёсны нэртэй энэ байгууллага 1954 онд коммунист үзэл суртлын эсрэг тэмцэх зорилготой Өмнөд Солонгост байгуулагдаж байжээ.

Коммунизмын эсрэг үзэл нь тухайн үеийн Токиогийн эрх баригчдад таалагдсан учир 1960-аад оны үед Абэ агсны өвөг эцэг, ерөнхий сайд асан Нобусуке Киши дээрх байгууллагын салбарыг Японд нээх зөвшөөрөл өгч байсан гэдэг.

Мөрдлөгийн явцад Эв Нэгдлийн сүм Японы улс төрд ч нөлөөтэй болсон нь тогтоогдсон юм.

Ерөнхий сайд Кишида өчигдрийн мэдэгдэлдээ эрх баригч Либерал Ардчилсан Намын гишүүд дээрх байгууллагатай хэлхээ холбоогоо бүрэн тасалсныг баталсан байна.

Нөгөө талаас Эв Нэгдлийн сүмийн зарим үнэнч гишүүд 53,000 гаруй хүний гарын үсэгтэй өргөх бичгийг Японы засгийн газарт гардуулж, гаргасан шийдвэрээсээ буцахыг уриалжээ.

 

Эх сурвалж: Kyodo News